УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая дуусч, бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хувьд зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Н.Энхболд даргын хэлснээр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд гурван хүсэлтийг Ардчилсан намын бүлэгт тавьсан байсан. Зөвшилцлийн хүрээнд нэгийг нь олонхийн бүлэг хүлээн зөвшөөрч ойлголцсон. Энэ нь тодорхой хэсгийн хороодын сонгуулийн саналын хуудсыг гар аргаар дахин тоолж, машины дүнтэй мөргөж байгаа эсэхийг нягталж эргэлзээг тайлах хүсэлт тавьсныг Ардчилсан намын бүлэг хүлээж авсан. Ерөнхийдөө бүлгүүдийн төвшинд зөвшилцөл үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжлэх болно гэсэн мэдээллийг тус намын бүлгийн дарга өглөө.
Мөн тэд УИХ-ыг хуулийн хэм хэмжээнд захирагдаж эмхлэн байгуулах ёстой. Цөөнхийг нугачин дарах байдлаар олонхи хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Цөөнхийн гишүүдийн байр суурийг сонсч байж УИХ нь шийдвэр гаргадаг олон улсын парламентын дэг жаягийг хүндэтэх ёстой гэж хэллээ. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Г.Дарь