Грек 1600 цагаач иргэнийг албадан гаргана

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Грек 1600 цагаач иргэнийг албадан гаргана

Грек улс хууль бус цагаачидтай тэмцэх ажлын хүрээнд Афин хотод цагаач иргэдийг баривчлах ажиллагаа явуулж, 1600 гаруй хууль бус цагаачдыг илрүүлжээ. Тэднийг ойрын хугацаанд улсынхаа нутаг дэвсгэрээс хөөн гаргаж, эх оронд нь хүлээлгэн өгөхөөр болсон байна. Грекийн Олон нийтийн хэв журмыг хангах асуудлыг хариуцсан сайд Никол Дендиаз цагаачдыг хөөн гаргах ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Грекийн эдийн засаг эдгээр цагаачдыг тэжээж дийлэхгүй” гэсэн байна.

Грекийн талаас тэдгээр цагаачдын түрүүч болох Пакистаны 88 иргэний улсад нь хүлээлгэн өгчээ. Тус улсад хууль бусаар амьдарч байгаад баригдсан иргэдийг албадан гаргахаас гадна Грекийн хилээр нууцаар нэвтрэх явдлыг багасгахын тулд хил дээрх хамгаалалтын постын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Хууль бус цагаачдын 80 гаруй хувь нь Грекээр дамжин Европын холбооны бусад орнууд руу гарах зорилготой ирдэг гэнэ. Тиймээс Грекийн зүгээс хууль бус цагаачдын асуудлыг цэгцлэхийн тулд Европын холбооны бусад орнуудаас дэмжлэг хүсчээ.

Грекийн цагаачдын тухай бодлогыг хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын зүгээс удаа дараа шүүмжилсээр иржээ. “Amnesty International”  байгууллагаас Грекийн эрх баригчдыг цагаач иргэдтэй яг хоригдол шиг харьцаж, баривчлан хорих газар байлгадаг гэж буруутгасан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж