-УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс тасрахгүй гэж үзэж болох уу?
-Засгийн газарт хамтрах “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяр даргын асуудлаас болж эргэлзээ үүсгээд байгаа юу?
-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. АН-ын байр суурь юу вэ гэхээр УИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүх бол өөрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэдлийг хэрэгжүүлдэг тусдаа байгууллага. Шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн хатуу зарчмыг баримтлах ёстой. Гэхдээ Монгол Улсад өмнө гарч байсан улс төрийн хэлмэгдүүлэлт дахин гарах ёсгүй. Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэдэг дээр АН байтугай Монголын олон нийт санал нэгдэх байх гэж үзэж байна. Бид хамгийн гол нь төрийн ажлыг цаашид зөв явуулах эрх зүйн зарим орчныг өөрчлөх ёстой. Анхаарах зүйл юу вэ гэхээр Шүүхийн тухай хуулийн хуучин социалист, шоронжсон тогтолцоог өөрчлөх дээр санал нэгтэй байх ёстой юм. АН-ын хувьд ИЗНН, “Шударга ёс” эвсэл, МАН-тай ч хамтарч эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-МАН-тай зөвшилцөлд орж байгаа юу?
-МАН-тай холбоотой зөвшилцлийн асуудал дээр олон талын гарц хайж байгаагаа бас хэлэх хэрэгтэй. Өчигдөр МАН-ыг төлөөлж Н.Энхболд гишүүн ярилцлага өгсөн байна лээ. АН-ын байр суурь бол аливаа нэгэн шаардлага, тулгалт байх ёсгүй юм. Бүх зүйлийн хуулийн хүрээнд зөвшилцөх ёстой юм гэдэг байр суурь дээр байгаа. Аль аль талаасаа зөв гарц хайх ёстой. Бидний харж байгаа зөв гарц бол ямар ч байсан УИХ-ын үйл ажиллагаа цаашдаа жигд явах ёстой. МАН-ын тавьж байгаа асуудлаар бол нэгд, УИХ олонхио бүрдүүлсэн учраас УИХ-ын даргаа сонгосон. УИХ-ын үйл ажиллагааг цаашид явуулахад МАН хуралдаандаа оролцох нь зарчмын асуудал шүү гэж хэлэх ёстой. Хоёрт, Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг хоёр талаасаа ойлголцоод явах ёстой. Энэ бол хэн хэндээ хийх тулгалт биш. Хоёр талаасаа ойлголцоод иргэний, захиргааны хэргийн шүүхээр, журмаараа шийдэгдээд явах асуудал. Гурав дахь асуудал буюу санал тоолох машины асуудлыг нягталж үзэхдээ хэрэв машинд итгэхгүй байгаа бол сонгуульд үл хамаарах асуудлаар санал асуулга зохион байгуулж санал тоолох машиныг шалгаж болох юм гэсэн байр суурь дээр байгаа. Санал тоолох машиныг эргэж буцаж шалгах нь тохиромжгүй.
Монголын төрийг төвшитгөе, засгийн ажлыг хэлбэрэлтгүй явуулъя, ард түмнийхээ эрх ашгийг урдаа тавья гэж байгаа бол энэ УИХ элэг бүтэн ажиллаж цаашдын шийдвэрээ хамтарч гаргах ёстой.