Нэг:
АНУ-ын Холбооны нөөцийн газрын мэдэгдэл, “ноён” долларын сулрал, инфляцийн гаж өсөлт нь алтны цөсийг хөөргөж дөнгөлөө. Алтны үнийн хэлбэлзэлд Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн зогсонги байдал, мөн зүүн өмнөд Азийн Индонези, Энэтхэг зэрэг улсын алтны худалдан авалт буурсан нь алт “алт” болох үндсэн шалтгаан болжээ. Гэтэл европын эдийн засгийн “зүрх” муудсаар.
Хоёр:
Алт нь дунд болон урт хугацаандаа өссөөр байх нь. Учир нь алтны үнийн өсөлт нь ирэх өдрүүдэд улам л халуурах бололтой. Дэлхийн алтны судалгааны CPM группийн мэдээллээс үзэхэд “2012 онд 1600-1800, ирэх 2013 онд 1700-1900 ам.доллар /унцийн хооронд үнэ хэлбэлзэнэ” хэмээн онцолжээ. Лондоны металлийн биржийн алтны дундаж үнэ өнгөрсөн оны өдийд 1530 ам.доллар байсан. Тэгвэл 2010 онд алтны дундаж үнэ ердөө л 1225 ам.доллар байсан санагдаж байна. Алтны үнийн өсөлтийн дээд хэмжээ 2011 оны есдүгээр сард тохиож байсан билээ. Тухайн үед Лондоны металлийн биржид алтны үнэ анх удаа 1800 ам.долларт хүрч “цагаан хэл ам” дагуулж байв.
Гурав:
Дэлхийн алтны судалгааны CPM группийн мэдээлэлд 2010 онд дэлхийн нийтийн олборлосон бүтээгдэхүүн 78.4 сая унци болж 2009 онтой харьцуулахад 1.6 хувиар нэмэгдсэн тухай өгүүлжээ. Тэгвэл 2006-2008 онд гурван жил дараалан алтны олборлолт буурч байсан бол 2009-2010 онд дараалан алтны олборлолт сэргэсэн байна.
Дөрөв:
Алтны хамгийн том олборлогч нь манай урд хөрш. Түүний “дагуул гариг” нь АНУ, Австрали, Орос, Өмнөд Африк, Перу, Индонези ба Канад багтаж байна. “МineSearch” мэдээллийн баазынхан “Жилдээ нийтдээ дөрвөн сая /унци алт олборлох хүчин чадалтай 28 алтны уурхай 2012 онд ашиглалтад орно” гэж тэмдэглэжээ.
Тав:
Манайх 2011 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар таван тонн алт олборлосон. Тэгвэл 2010 онд зургаан тонн алт олборлосон нь дэлхий нийтийн алт олборлолтын 0.2 хувийг эзэлж байна. Энэхүү үзүүлэлт нь 2008 онд 0.6, 2009 онд 0.4 хувь тус тус байсан. Үүнээс харахад сүүлийн таван жилд манай улсын алтны олборлолт жил бүр буурчээ. Үүнд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нөлөөлсөн гэдэг. Гэсэн ч өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд давхардсан тоогоор 540 алтны шороон орд нийт 206.25 тонн нөөцтэй, 50 алтны үндсэн орд нийт 1278.2 тонн нөөцтэй хэмээн бүртгэгджээ.
Зургаа:
Оюутолгой төслийн үйл ажиллагаа эхлэхээр жилд 544.0 тонн зэс, 650.0 унци алт, гурван сая унци мөнгө олборлох юм. Үүнээс хамаарч алтны хэмжээ нэмэгдэх аж. Өнгөрсөн онд алтны дундаж үнэ /1568.6 ам.доллар/ унци/ байсан 2001 оноос 5.8 дахин, 2005 оноос 3.52 дахин, 2010 оноос 28 хувиар өссөн байна.
Долоо:
“UBS” банкны мэргэлжилтнүүд “Дэлхийн эдийн засагт ямар хандлага гарахаас үл хамааран алт нь капиталыг хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл байсаар байх болно. Тиймээс алтны эрэлт тасралтгүй нэмэгдэх нь гарцаагүй. Алтны үнийн өсөлт өөдрөг байна” хэмээн онцолжээ.
Найм:
Дэлхийн томоохон төв банкууд алтны нөөцөө нэмэх бодлого баримталж байгаа нь алтны үнийн хөөрөгдлийг үүсгэж байж болзошгүй гэсэн таамаглалыг хэсэг эрдэмтэн өгч байна. Хэрэв энэ таамаглал үнэн бол нөөц өсгөх бодлого намжсаны дараа алтны эрэлт буурч үүнийг дагаад үнэ ч буурах боломжтойг тэд анхааруулах аж. Ам.долларын ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалан ихэнх хөрөнгө оруулагч хөрөнгөө мөнгөн хэлбэрээр бус алт хэлбэрээр байршуулах сонирхол давамгайлж эхэлсэнтэй холбоотойгоор алтны эрэлт өндөр хэвээр. Нэг үгээр хэлбэл, Алт гялалзаж байна.
Б.БАЯРТОГТОХ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn