МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.
-Н.Энхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд л шүүхийн шийдвэрийг олон нийт сонирхож байх шиг байна. Жирийн иргэний тухайд иймэрхүү шүүх хурал, шүүхийн шийдвэр өдөрт хэдэн арваараа гардаг шүү дээ. Хамгийн гол нь Монголын шүүх төрийн өндөр албан тушаал хашиж байсан, мөн хүч, нөлөөтэй хүнд ял шийтгэл ногдуулсан нь анхаарал татаад байх шиг байна. Өмнө нь ийм тохиолдол практик ховор байсан болохоор тэр юм уу даа. Надад хоёр зүйл бодогдож байна. Нэгдүгээрт, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёсыг цаашид тогтооход жишиг боллоо. Мөн төрийн өндөр албан тушаал хашигчдад сургамжтай үйл явдал боллоо гэж бодож байна. Хоёрдугаарт, шүүх эрх мэдэл хараат бусаар ажиллаж эхэлж байгаагийн илрэл гэж харж байна. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухайд хувь хүнийх нь хувьд харамсч байна. Хэнийг ч алдаж оноход нь хөөр баяр болох, тавлаж гутаах, унасан дээр өшиглөх нь хүний ёс биш. Хүн бүрт тохиолдож байгаа сайн, муу зүйл үйлийн үрээс эхтэй. Санамсаргүй зүйл гэж ер үгүй.
-Н.Энхбаярын өмгөөлөгчид болон МАХН-ынхан шүүхийг хараат бусаар шийдвэр гаргасан гэж буй. Бүр Н.Энхбаярын гэргий өнгөрсөн үйл явдалд Ерөнхийлөгчийг буруутгалаа.
-Гэргий О.Цолмон нь телевизээр тэгж хэлж байхыг харсан. Үүнийг үг болгох хэрэггүй гэж бодож байна. Хань ижлээ шоронд орж байхад хүнд юу эс бодогдох билээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр санаа сэтгэл нь хямарч, хэн ч байсан хатуу үг, гомдол цөхрөл, өширхлийн үгийг хэлэх нь бий. Тэр хүнийг зөв ойлгох ёстой. Нөгөө талаар төрийн өндөр албан тушаалтнууд шүүхэд нөлөөлөх явдал өмнө нь нэгэнт хавтгайрсан байсан болохоор тэгж хардах бас эрхтэй. Шүүх улс төр, эрх мэдэлтэн, чинээлэг хэсэг, дотроосоо хараат боллоо гэдгийг би 2003 оноос эхлэн бараг анх удаа хэлж байсан хүн нь би. Үнэндээ ч тийм л байсан. Үүнийг засах гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа шүүхийг шинэтгэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ард түмэн түүнийг нь сонгосон. Ард түмний сонголтоос ухарвал юу болохыг тэр хүн хэнээс ч илүү мэдэж байгаа нь лавтай. Би одоо ч шүүхийг судалгааныхаа гол объект хэвээр байлгаж, анхааралтай ажиглаж, судалсаар байна. Миний ажиглалт судалгаагаар шүүгчдийн олонхи нь хэргийн хувь заяаг хар толгойгоороо хариуцна гэсэн нэг омогшилтой болсон нь ажиглагддаг. Харин хүч, бололцоо, эрх зүйн орчин, тогтоллцооны гажиг гээд олон асуудалтай тулгарсаар байна. Энэ бол чухал өөрчлөлт. Мөн шүүгчдийн чих их “хатуурсан” нь харагдаж байгаа. Шүүгчийн чих хатуу байх ёстой. Гэхдээ шүүхийг хардах ёстой, цаашид ч хардсаар байх болно. Хардалт бол хараат бус байдлын бас нэг хамгаалалт юмаа.
-Өмгөөлөгчид Н.Энхбаярт холбогдох хавтаст хэргийг нэг талыг барьж бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, яллах талын нотлох баримтыг илүү цуглуулсан гээд байгаа. Тийм бололцоо байдаг юм уу?
-Тийм бололцоо бий. Монголын шүүх эрх мэдэл цагдаагийн гарт байгаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Цагдаа хавтаст хэрэгт давуу эрхтэйгээр нотлох баримтыг оруулдаг нь бас үнэн. Прокурор, өмгөөлөгч хоёр үүнтэй тэмцдэг ч хүч хүрдэггүй. Нөгөө талаар шүүх хэргийг шийдэхдээ мэтгэлцээний үр дүнд бус, харин хавтаст хэрэг дэх нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргадаг. Үүний улмаас өөрийн чинь асуусан асуулт үүсдэг. Энэ хэргийн тухайд экс Ерөнхийлөгч чинь дугаар хорооны иргэн Дорж биш учраас арай илт тэгж чадаагүй байх. Мөн нэр төртэй мундаг олон өмгөөлөгчид ажиллаж байсан болохоор тэд мөрдөн байцаагч нарт тийм бололцоо олгоогүй байх. Хэрэв цагаатгах нотлох баримтыг зориудаар цуглуулаагүй бол өмгөөлөгчид шүүх хурал дээр ямар ямар хүсэлт гаргаж байсан түүнийг мөрдөн байцаагч, прокурор хэрхэн хэрэгжүүлээгүйг нотлох баримтаар гаргаж тавьсан эсэхийг би мэдэхгүй байна.
-Өмгөөлөгчдийн ярьж байгаагаар шүүгчид ч хурлын өмнө ял төлөвлөчихсөн байсан юм биш үү?
-За энэ ч хардах эрхийн л асуудал. Дэлхийд шүүх мөрдөн шүүдэг, нөгөө нь мэтгэлцүүлэн шүүдэг хоёр тогтолцоо байдаг. Мэтгэлцүүлэн шүүдэг тогтолцоонд шүүгч гэм бурууг тогтоодоггүй, хавтаст хэрэгтэй урьдчилдан танилцдаггүй. Тийм учраас энд шүүгч урьдчилсан санаа бодолтой байх нөхцөл байдаггүй. Мөрдөн шүүдэг манай тогтолцоонд шүүгч гэм бурууг тогтоодог, хавтаст хэрэгтэй урьдчилан танилцдаг болохоор хүссэн хүсээгүй урьдчилсан санаа бодолтой болоход хүрдэг. Бодоод үз л дээ. Нэг зүйлийг урьдчилан уншуулбал ямар нэг сэтгэгдэл, дүгнэлт төрөх үү. Мэдээж төрнө. Түүнийг чинь энд яриад байна. Тийм учраас шүүгчийн урьдчилсан санаа бодол гэдэг ойлголт маш харьцангуй, хуурмаг зүйл. Хуулиар хориглоод, тунхаглаад бүтчихдэг зүйл биш. Бодит механизмааар хаадаг зүйл. Дэлхийн улс орнууд мэтгэлцүүлэн шүүдэг тангарагтны шүүхийн тогтолцоог эрх зүйн бүл үл харгалзан авах хандлага өргөжиж байгаа нь үүнтэй холбоотой.
-Н.Энхбаярт шүүх ял өгсөнийг хэлмэгдүүлэлт гэж МАХН-ынхан үзэж, АН-тай хамтарч засаг барихгүй гэсэн яриа бий.
-Жирийн иргэнд ял өгөхөөр хууль ёс болдог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд ял өгөхөөр хэлмэгдүүлэлт болдог гэж үзэж болохгүй л дээ. Хэлмэгдүүлэлт гэж юу байдгийг Монголын ард түмэн мэддэг, бас мартаагүй байгаа зүйл. Ер нь Н.Энхбаярын хэргийг шүүх шийдэж ял ногдуулсан нь тухайн хүндээ биш, ер нь эх орноо худалдсан, тэднийг ил, далд өөгшүүлсэн, улсын баялгийг асар их хэмжээгээр эрх мэдлээ ашиглаж хууль бусаар завшиж ард түмнээ ядуу зүдүү байлгах эх үүсвэрийг тавьж, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн этгээдүүдийг шударгаар шүүж, тэднээс үндэсний эрх ашгийг хамгаалахыг ард түмэн хүлээж, шаардаж байгаа юм биш үү. Үүнийг олон нийт яриад байна.
Хамтарч засаг байгуулах тухайд шүүхийн энэ шийдвэр огт хамаагүй зүйл гэж бодож байна. Монгол Улсад улс төрийн соёл өндөр биш ч гэсэн арай тийм юм ярих төвшнөөсөө хол ахисан. Дэлхийн улс орнуудад талууд ял наймаалцдаг. Харин гэм буруутай эсэхийг наймаалцдаг, наймаалцахыг санал болгох, шаарддаг ёс гэж ер үгүй. Ийм эрүүл бус, хүн сүргийн үеийн заншил одоо эрх биш үйлчлэхгүй бизээ. Тийм яриа хөөрөө хөндөх, өрнүүлэх нь ард түмнийг басамжилсан хэрэг болно. Ийм зүйлийг нотлох баримттайгаар үйлдсэн ямарч улс төрийн хүчин, хүн духан дээрээ хар тамга үүрд даруулна. Тийм учраас тийм зүйл болохгүй гэдэгт итгэж байна. Харин жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгчээр засаг төрийг байгуулах үйл хэргийг саатуулах гэсэн зарим этгээд зориуд тийм зүйлийг нисгэж байж мэднэ.
-Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу иргэд сонголтоо хийлээ. Хуульчийн хувьд энэ удаагийн сонгуульд ямар дүгнэлт хийв?
-Аятайхан сонгууль боллоо. Сонгуулийн хууль сайн болсон нь харагдаж байна. Цаашдаа Монгол Улс бүрэн пропорцианал тогтолцоонд шилжих эхлэл боллоо. Сонгуулийн дүн парламентийн улсын хэлбэрийг Үндсэн хуулиараа сонгосны мөн чанарт тохирсон дүн гарлаа. Аль нэг нам дангаараа хэт олонхи болох нь парламентийн улсын хэлбэрийг сонгосны эсрэг зүйл болж байдаг. АН ард түмэн түлхүү итгэл өглөө. Харин ард түмний итгэлийг том, том зоримог өөрчлөлтөөр хариулна гэж ард түмэн хүлээж байна. Энэ дөрвөн жилд хувийн аливаа эрх ашиг, амбицаа шүд зуун орхиж, ядарсан ард түмнийхээ амьдралыг бодитой өөрчлөөсөө гэж хүсэж байна. Эрх мэдлийг хүн хэрэгжүүлдэг учраас хүний нөөцийн асуудал заавал яригдана. Намчирхаж, эсвэл одоо ажиллаж байгаа хүмүүсээс дордуулсан өөрчлөлтийг битгий хийгээсэй. АН хүчирхэг сөрөг хүчинтэй ажиллах гэж байгаа харин ч сайн хэрэг. Өдгөө сайн сөрөг хүчингүйгээр сайн ажиллах бололцоогүй болсон цаг үе.
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"