Америкчууд говьд олгой хорхойтой тулалджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Америкчууд говьд олгой хорхойтой тулалджээ

Махчлан орчуулбал “Монголын үхлийн хорхой” буюу “Mongolian Death Worm” нэртэй кино адал явдалт, аймшгийн ангиллын уран зөгнөлт кино тавдугаар сарын 8-нд АНУ-д нээлтээ хийлээ. АНУ-ын “SyFi”кабелийн сувгийн “Original Movie”цагаар гарсан уг киноны гол дүрд Sean Patrick Flaney тоглосон байна. Кинонд Америкийн нэгэн компани Монголын өмнөд хэсгийн говь нутагт газрын тосны өрөмдлөг хийж байгаагаар үйл явдал эхэлдэг. Бүх зүйл хэвийн байх ёстой байсан ч бизнесийн төлөвлөгөөнд нь Монголын домог ярианд гардаг, нутгийнхны “олгой хорхой” гэж нэрлэдэг аймшигт хорхой гарч ирэн, замд таарсан бүхнийг хөнөөнө. Тэр хорхойны замд Монголд Чингис хааны нуугдсан эрдэнэсийг хайж яваа адал явдал эрэлхийлэгч, эрдэнэс хайгч  америк эр Daniel таарснаар адал явдал өрнөнө.
Тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэслэлтэй аймшгийн, адал явдалтай, уран зөгнөлт кинонд дуртай америк үзэгчдэд энэ кино нилээн таалагдаж байгаа бололтой. Учир нь кинонд гарч буй “Mongolian Death Worm”хорхойн талаар “Discovery”суваг нэвтрүүлэг хийж байсан бөгөөд аль 1920-иод оноос барууныхан энэ хорхойн тухай сураг сонсож байсан юм. Тухайлбал америкийн байгаль судлаач, сүүлд нь Америкийн Үндэсний байгалийн музейн захирал болсон Roy Chapman Andrews гэдэг эрдэмтэн Монголд ирснийхээ дараа 1926 онд хэвлүүлсэн “On the trail of ancient man”гэдэг бүтээлдээ Монголын олгой хорхойны талаар бичиж байв.
Дашрамд дурдахад, гадаадын олон орны судлаачид Монголд ийм хорхой байгаа эсэхийг сонирхон судалж, ажиглаж байгаа бөгөөд 2004 онд Чехийн судалгааны баг гурвантаа ирж энэ хорхойг хайж судалгаа хийгээд буцсан байна. Монголын аймшигт хорхойны тухай киноны дараа Sean Patrick Flaney “Saw VII”аймшгийн кинонд туслах дүр бүтээгээд байгаа бөгөөд “Хөрөө 7” кино энэ оны арван сарын 22-ны Баасан гаригт, “Halloween”-ы баярын өмнөхөн кино театруудад гарах болно.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж