“Америк тэнэглэл”-ийн ээлжит золиос

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Америк тэнэглэл”-ийн ээлжит золиос

“Өнөөгийн энэ нийгэмд тэнэгүүдээс ангид газар байгаа гэхэд итгэхгүй байна” гэж АНУ-ын нэгэн улстөрч дуу алджээ. Түүнийг ингэж бухимдахад хүргэсэн аймшигт хэрэг өнгөрөгч ням гаригийн шөнө /Монголын цагаар.ред/ АНУ-ын Висконсин мужийн Милоуки орчимд гарсан байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар бол нэгэн этгээд орон нутгийн шашны цөөнх болох сикх урсгалын нэгэн сүмд очин хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Одоогоор түүний суманд өртсөн зургаан хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ажээ. Тэдгээрийн дөрөв нь сүмийн дотор буудагдан амиа алдсан бол хоёр нь сүмийн гадаа буудуулж амь үрэгдсэн байна. Алуурчныг хүмүүс рүү буудаж байх үед цагдаагийн офицер таарч зогсоохыг оролдсон боловч өөрөө олон удаа буудуулан маш хүнд шархадсан гэж мэдээлэв. Харин цуг явсан офицер нь самбаачлан алуурчны өөдөөс хариу гал нээж түүнийг устгасан аж. Америкийн цагдаагийн газрын мэдээлснээр бол маш хүнд шарх авсан цагдаагийн офицер болон өөр бас хоёр ч хүн эмнэлэгт хэвтэн амчлүүлж байгаа юм байна.

Хэдийгээр цагдаагийнхан энэ хэргийг нэг л хүн үйлдсэн гэж байгаа боловч гэрчүүд алуурчин ганцаараа биш байсан гэж мэтгэж байгаа гэнэ. Ямар ч болов цагдаа нар хэрэг явдал гарсан сүмийн ойр орчим дахь суурингуудад аллагатай холбоотойгоор нэгжлэг хийж, мөн тэсрэх бөмбөг хүртэл хайж байсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлгээр бол алуурчин нь 40 орчим насны цагаан арьст хүн байжээ. Тэрбээр “футболка” буюу богино ханцуйтай цамц, хар өмд өмссөн байсан бөгөөд нэг гарандаа “9-р сарын 11” гэсэн бичиг бүхий шивээс хийлгэсэн байсан гэнэ. Үүнээс үүдэж алуурчин этгээд лалын хэт даврагч нарыг нэг бол дэмждэг, үгүй бол тэднийг төлөөлсөн нэгэн байсан гэх таамаг гарсан бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр хэрэг явдал гарсан Висконсин мужийн Оак Крик хотын цагдаагийн дарга хэлэхдээ,“Энэ аллага нь орон нутгийн шинж чанартай террорист маягийн хэрэг явдал байсан” гэж тодорхойлсон байна. Мөн Холбооны мөрдөх товчоо ч энэ хэрэг дээр мөрдлөг явуулахаар болж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол аллага үйлдэгдэх үед ойролцоо явсан цагдаагийн хоёр офицер очсон бөгөөд сүмийн гадаа байсан хүмүүсийг хамгаалах гэж оролдсон цагдаа руу гэмт хэрэгтэн зургаан удаа буудаж хүнд шархдуулсан аж. Харин хоёрдахь цагдаа гэмт хэрэгтэнтэй харилцан буудалцаж байж гэмтнийг устгасан гэнэ.

Шархдагсдын нэг нь гэдсэндээ, хоёрдахь нь нүүрэндээ буудуулсан бол гуравдахь нь хүзүүндээ буудуулсан байжээ.

Хэрэг гарсан Оак Крик хот нь АНУ-ын зүүн өмнөд мужийн нутагт орших бөгөөд 30 мянган хүн амтай юм байна. Энэ хот дахь сикхийн сүмийг 1999 онд байгуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа бөгөөд үйл ажиллагаа ихтэй үедээ 350-400 орчим хүн цуглардаг байсан аж. Бусад сүмийн адилаар энэ сүмд ням гаригт хамгийн их ирдэг оргил цаг нь байж таарсан гэнэ. Хойд Энэтхэгээс үүсэлтэй гэгддэг сикх шашны урсгалыг шүтэгч нар тэнд сүм барьсан нь ийнхүү дайралтад өртсөнийг зарим эх сурвалж шашин хоорондын тэмцэлтэй ч холбон тайлбарлаж байгаа юм байна.Тэдний мэдээлж байгаагаар бол сикх шашны мөргөлчид лалын шашны урсгалын шүтэгч нартай хэд хэдэн удаа сөргөлдөн асуудал үүсгэж байсан баримт байдаг аж. Одоогоос мянга гаран жилийн тэртээ үүссэн гэх сикх шашныг шүтдэг 700 гаран мянган америкчууд Нэгдсэн улсад амьдардаг юм байна.Дэлхийн хэмжээнд сикхийг шүтэгч 27 сая хүн байдаг бөгөөд энэ шашны номлолоор бол шүтэгчид нь үсээ тайруулах, сахлаа хусахыг цээрлэж, толгойдоо байнга өмсгөлтэй явдаг юм байна. 2001 онд АНУ-ын Аризона мужид шатахуун түгээх станцын эзэн Содхи хэмээх нэгэн сикх болон лалын шашны шүтэгчдийн зөрөлдөөний золиос болон буудуулж амиа алдсан гэж зарим мэдээлэлд гарч байсан аж. “Одоогоор билнийг чиглэсэн алан хядлага болсон гэх бодол алга байна. Тэгээд ч манай шашныхан уурсаж ундууцсан юм алга. Харин яагаад ийм юм болов гэдэгт л гайхаж байна” гэж сикх шашны номлогч нэгэн ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ хэрэг явдалд гүнээ харамсан гашуудаж байгаагаа илэрхийлээд ердөө хоёрхон долоо хоногийн өмнө мөн л АНУ-ын Колорадо мужид 12 хүнийг буудан хороосон хэрэг явдал гарсныг сануулжээ. Киноны үйл явдалд хэт донтсон нэгэн кино театрын орчимд байсан хүмүүсийг буудсанаас ийм эмгэнэлт явдал тохиож олон хүн амь үрэгдсэн байна.Дахин дахин ийм төрлийн эмгэнэлт хэрэг явдал гарч байгаад ерөнхийлөгч Барак Обама маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн ажээ. Тэрээр энэ хэрэг явдал гарсны дараа эмгэнэл илэрхийлэхдээ Америкийн өргөн уужим гэр бүлийн нэгэн хэсэг болох Сикх шашныг шүтэгчид манай оронд ямар олон болсныг эргэн сануулж байна гэж хэлсэн байна.Мөн энэ гунигт үйл явдал зөвхөн сикхчуудын хувьд бус бүх америк гэр бүлүүдэд тохиосон эмгэнэл мөн гэж хэлээд Нэгдсэн улсад хүн бүхэн гэртээ байгаа гэдгээ мэдрэх ёстой гэжээ.

Нэгдсэн улсад олонтаа гарч байгаа эмгэнэлт явдлын нэгэн болж тоологдох энэ хэрэг явдал улстөрийн хүрээнд ч шуугиан дэгдээх бололтой байна. Энэ онд явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших Митт Ромни хэрэг явдалд харамсаж байгаага илэрхийлэхийн зэрэгцээ “ийм хүн чанаргүй хүчирхийлэл болон түүнийг дагасан уй гашуу энэ бүхэн сүсэг бишрэлт ямар ч гэр бүлийг сөхрөөх ёсгүй” гэж уриалжээ.

Одоогийн сөрөг хүчин Бүгд найрамдах намын өмнөөс нэр дэвшиж байгаа Митт Ромни хэрэв АНУ-ын ерөнхийлөгч болбол түүний цагаачлалын асуудлаар,тэр дундаа лалын шашинт үзэл бодлыг баримтлагчдын талаар хатуу бодлого явуулж, цагаач нарын талаар барих бодлогыг чангатгаж болзошгүй гэсэн болгоомжлол гарах болсон байна. Тэрээр саяхан хилийн чинадад хийсэн айлчлалынхаа үеэр Израйлийн зүгээс лалын шашинт орнуудын талаар баримталж байгаа эрс хатуу бодлогыг илтэд дэмжихээ илэрхийлсэн нь хэрэв түүнийг ерөнхийлөгч болбол АНУ-д байгаа лалын шашинт цагаач нарын хувьд хатуу бодлого барих вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа гэж гадаадын зарим эх сурвалжууд дүгнэжээ.

М.НАСТ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж