-Хорин шарыг минь хоёр, гуравхан оготно идчихлээ гэж үү хэмээн хэзээний хэрэггүй болсон хэдэн дэвсгэртээ барин тавин халаглаж суугаа хур баяны тухай “Хүргэн хүү” кинонд гардаг. Тэгвэл Засгийн бор авдарт ер нь юу үлдээ юм бол оо.
Оны эхэнд онгироод байсан 17 хувийн эдийн засгийн өсөлтөөс үлдээ болов уу, яагаа бол. Төрийн ордны “оготнууд” түүгээр нь найрлачихаагүй байгаа даа.
-МАН ынхан төр эзэнгүй байх энэ өдрүүдэд ТЭЦ V-ын тендерийг шалгаруулж, өөрсдийнхөө хүмүүст авч өгсөн байна.., МАН засгаас буухаасаа өмнө бүх тендерийг шалгаруулаад, идчихлээ гэхчилэн твиттерийн жиргээчид хоног алгасалгүй жиргэцгээж байна.
Сангийн сайд Д.Хаянхярваа шиг “Манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр дөрвөн их наяд 891.8 тэрбум төгрөгт хүрч, зэрэгцүүлэх үнээр 729.1 тэрбум буюу 17.5 хувиар өсчээ. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2011 оны гүйцэтгэлээр, оны үнээр 11 их наяд 87.7 тэрбум төгрөг болж, 2673.2 тэрбум буюу 31.8 хувиар өссөн байна” гэж толгойноосоо том юм яриад ч яах вэ. Үйлдвэрлэлийн үнэ гэдэг нь юу юм бэ. Зүгээр л тэтгэвэр, тэтгэмж олгох мөнгө цаад авдарт чинь байна уу гэж Сангийн сайдаас асуумаар байна.
Их хэмжээний мөнгө буюу эрчим хүчний тендерүүд…
Албаны эх сурвалжуудын мэдээллээр III цахилгаан станцыг түшиглэн барих V цахилгаан станцын тендерийг шалгаруулсан нь үнэн болж таарлаа. Гэхдээ энэ станц ашиглалтад орсон ч нийслэлийн зүүн бүсийг эрчим хүч, дулаанаар хангаж чадахгүй. Учир нь, зүүн тийшээ дулааны шугам сүлжээ барих боломжгүй болтол нь орон сууцны хороолол барьчихсан байгаа. Энэхүү тендерт гурван улсын нэгдсэн консерциум ялсан аж. Харин Монголоос “Ньюком” компани шалгарчээ. Хэдийгээр энэхүү компани нь МАН-д харъяалалгүй ч гэлээ сүүлийн үед эрчим хүчний салбарт болж буй томоохон тендер, төслүүдийг бүгдийг нь авч буй компани. Хамгийн гол нь хэдэн жилийн турш шийдээгүй хэрнээ яагаад энэ мөчид хийв гэдэг нь эрхгүй хар төрүүлж байна.
Тэгээд ч Засгийн газрын зүгээс хийж буй ажлаа их бүдэг бадаг мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан гэж байгаа ч “яг яасан, юутай нь танилцаад ямар шийдвэр гаргасан бэ” гэдгийг огт мэдээлэхгүй байна.
Төдийлөн тодорхой мэдээлээгүй асуудлын нэг нь Дөргөн, Тайширын цахилгаан станцын зээлийн асуудал. Засгийн газрын хуралдаанаар БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан дээрх цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем”, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниудад 0,75 хүүтэйгээр дамжуулах зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад зөвшөөрсөн байх юм. “Баруун бүсийн эрчим хүчний систем”-ийн захирал нь Б.Нямсамбуу. Шуудхан хэлэхэд МАН-ын хүн. Энэ эрхмийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын хүн гэдгээр нь баруун аймгийнхан андахгүй сайн мэднэ. Үйл ажиллагаа нь улсаас хамааралтай учраас илүү хүчин чадалтай болгон сайжруулах боломжгүйн дээр байсгээд л доголдож байдаг энэ станцад ямар учраас зээл дамжуулан олгов?
Харамсалтай нь харыг үгүйсгэх албан тушаалтан олдсонгүй. Хаана ч яваад, юу ч хийгээд байгаа юм, бүү мэд.
Бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө яав?
Энэ жил урьд, хожид байгаагүйгээр их хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад зарцуулахаар хийсэн гээд байгаа. Гэтэл нөгөө их мөнгө нь орж ирээгүйгээс зам засварын ажил зогсч, түм түжигнэж, бум бужигнасан цагаар хотын төв замууд хаалттай байх талаар НИТХ-ын дарга Д.Баттулга хэлнэ лээ.
Бүгдийг нь биш гэхэд багагүй мөнгө сонгуулиар эрх баригчид тараачихсан гэдгийг хэн ч гадарлахтайгаа байгаа.
Орон даяар ил болсон жишээ гэвэл, сонгуулиар МАН-аас нэр дэвшигч очсон өдөр Хүний хөгжил сангийн мөнгийг тарааж байлаа. Энэ явдал аймаг бүрт биш ч дийлэнхэд нь тохиолдсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ мөнгийг тараахын тулд Засгийн газар зээл авсан. Тэгэхээр Хүний хөгжлийн сан болон төсөвт мөнгө байгаагүй гэсэн үг. Тэгвэл бүтээн байгуулалтад төсөвлөсөн төвийн тэрбум тэрбумаар тооцогдох мөнгө яасан бэ?
Дээр нь сонгууль эхлэхээс өмнө яамдын гадаа будаг нь ханхалсан шинэ жийпүүд машин тавих зайгүй болтол сойлттой байлаа. Сураг сонсоход тэдгээр жийпийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж авсан юм гэнэ лээ. Мэдээж энэ мэдээлэл нотлогдохгүй. Асуудлыг мэдэх албан тушаалтнууд нь амралтаа авсан нэрийдлээр алга.
Төрийн ордонд эл хуль. Эрхээ шилжүүлээгүй яваа хүмүүс засгийн ажил гэж сүйдтэй хийсэн юм алга. Гэхдээ хэдэн сая доллараар яригдах тендерүүд бол учир битүүлгээр шалгарсаар байна.
Тооцоотой томилгоо…
Өөр бас нэгэн үзэгдэл бол томилгоо. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болсон Ц.Дашдорж гэхэд л “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүүг солих саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэв. Шалтгаан нь ердөө тэтгэврийн насанд хүрсэн. Уг нь ном журмаараа бол Т.Очирхүүгийн бүрэн эрхийн хугацаа 2013 онд дуусна. Тэгээд ч энэ асуудлыг ОХУ-тай хэлэлцэж байж шийдэх ёстой. Үүнээс болоод ОХУ-аас өөрийн хүнээ тавина гэсэн шалаанд унаж байна. Монголын маш том саалийн үнээний нэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг гэнэт солих болсон нь нас, хүйсний асуудлаас илүүтэй ашиг сонирхлын явдал. 2013 онд МАН бүх эрх мэдлээ өгчихсөн байна. Тиймээс энэ газраас хумслах өөрийн хүнээ тавих боломжгүй гэсэн үг. Ердөө л энэ. Ганцхан энэ шалтгаанаар “УБТЗ”-ыг өөрсдөдөө авч үлдэх гэж л ийнхүү улайрч байна.
Зөвлөмж…
Ардчилсан нам хийгээд тэдэнтэй эвсэгчдэд сануулахад Засгийн газраа яаралтай байгуулан Ж.Батзандан гишүүний анхны чуулганд хэлсэнчилэн аудитын шалтгалтыг яаралтай оруулах зайлшгүй шаардлага тулгарлаа. Хэнээс ямар салбарын хэдий хэрийн хөрөнгөтэй, ямаршуухан байдалтай хүлээж авсан бэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Төсвийн дансанд тэтгэвэр тэтгэмж тавих мөнгө байна уу, тендерийг ном журмын дагуу шалгаруулав уу, гадаад зээлийн хэмжээ хэд байна гээд бүгдийг нь нэг мөр цэгцлэх шаардлагатай болж байна. Ямаанаас эхлээд малжуулах хөтөлбөрөөр үргэлжилж, эцэст нь иргэдэд тараасан их хэмжээний хавтгайрсан халамжийн дараа энэ улсын “бор авдарт” ирээдүйд зарцуулах зүйл үлдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Засгийн газраас асуух асуулт
Ингээд хоосон харыг сэдрээхгүйн үүднээс өнөөгийн Засгийн удирдлагуудад хэдэн асуулт дайя. Ерөнхий сайдаас асуухад,
-2012 оны төсөвт суусан мөнгө зарцуулагдах ёстой зүйлдээ зөв зарцуулагдаж байна уу. Бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулагдах ёстой мөнгө яагаад орж ирээгүй гээд байна вэ?
Сангийн сайд Д.Хаянхярваа танаа,
-Монгол Улсын төсөвт наймдугаар сарын байдлаар яг хэдэн төгрөг байна вэ?
Эцэст нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, сайд Д.Зоригт нараас асууя,
-Энэ их эрчим хүчний тендерийг сүүлийн хэдхэн хоногт шалгаруулж байгаа нь ямар учиртай юм бэ. Та хоёр тэдгээр тендерт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ баталж чадах уу?
Эх сурвалж: "Ардын эрх" сонин