Профессор Стивен Краснер Монголд

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Профессор Стивен Краснер Монголд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд хүрэлцэн ирэхээр болсон билээ. “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах эдгээр хүндтэй зочид бол АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессор, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар юм.

Тэдний тухай товч танилцуулга толилуулж байна.

Профессор Стивен Краснер

Тэрээр Корнеллийн, Колумбын, Харвардын их сургуулиудыг тус тус дүүргэжээ. Краснер нийт зургаан ном бичиж, 90 гаруй өгүүллэг нийтлүүлсэн байна. АНУ-ын дипломатчдын дунд Краснер нэр хүндтэй, шилдэг эрдэмтэнд тооцогдож, энэ салбартаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Учир нь тэрбээр АНУ-ын гадаад харилцааны салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсээр ирснийг төр засаг ч хүлээн зөвшөөрдөг.

Краснер олон улсын харилцаа, эдийн засгийн харилцаа, гадаад харилцааны онол, бодлого төлөвлөлт, төрийн байгуулалт зэрэг хичээлийг он удаан жилийн турш заан 1991 онд шилдэг багшийн шагнал хүртсэн юм.

1999 онд “Тусгаар тогтнол” номоороо тэр дэлхийн улс төр судлалын салбарт шуугиан дэгдээсэн билээ. Тэрбээр номдоо олон улсын хууль эрх зүй, аливаа улсын хараат бус байдал хоорондын зөрчилдөөн болон түүний уршиг үр дагаврын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ номд Краснер олон улсын харилцаанд хараат бус байдалд тооцох дөрвөн хэлбэр байгаа гэж үзжээ. Үүнд:

1.Хууль эрх зүйн хараат бус байдал. Улс орнуудын өөр хоорондын хил хязгаар, газар нутгийг хүлээн зөвшөөрөх.

2.Харилцан уялдаа холбоотой хараат бус байдал. Энэ нь даяарчлалтай холбоотой бөгөөд хүн амын шилжин суурьшил, хөрөнгө, “ноу-хау”-ийн урсгалын механизм бүхий хараат бус байдлын хэлбэрийг хэлжээ.

3.Дотоодын хараат бус байдал. Тухайн улс орны төр засгийн дотоодын асуудлыг хянах байдал.

4.Вестфалиан хараат бус байдал. Аливаа засаг бие даан дотоодын засаглалын бүтцийг тодорхойлох эрхтэйг хэлжээ.

Мөн Краснер шашин, олонхийн эрх, хүний эрх, олон улсын тогтвортой байдал гэсэн дөрвөн нөхцөл байдалд хараат бус байдлын талаарх дүрэм журам зөрчилдөг гэж үзжээ.

Стивен Краснер нь олон улсын харилцаа, төрийн байгуулалт, тусгаар тогтнол, улс орны бие даасан байдлын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, ном сэтгүүлд нийтэлсээр иржээ. Улс төр судлаачид дундаа неореалист хэмээн тооцогддог бөгөөд “Ардчилсан улс орны засаглалын сул дорой байдал нь бүх асуудлын эх сурвалж” гэдэгтэй үзэл бодол нэг байдаг. Мөн тэрбээр хүнд суртал, хаалттай байдлын эсрэг хатуу байр суурьтай хүн.  

Краснерийг хамтран зүтгэгчид нь “Тэр бол ирээдүйн диломатчдыг бэлтгэгч хамгийн чухал хүмүүсийн нэг гэдэг утгаараа АНУ-ын төдийгүй дэлхийн ирээдүйг тодорхойлогч цөөн хэдэн хүний нэг юм. Краснер өөрөө болон олон мянган шавь нараараа дамжуулан хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чадвартай” хэмээн нэгэнтээ магтсан байдаг.  

Тэрээр 1972 онд “Хүнд суртал чухал уу”, 1978 онд “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого”, 1985 онд “Бүтцийн зөрчилдөөн: Дэлхийн либерализмын эсрэг гуравдагч ертөнц”, 1999 онд “Хараат бус байдал”, 2005 онд “Төрийн хямралыг шийдвэрлэх нь” номоо тус тус хэвлүүлжээ.  

Краснерийн 1972 онд бичсэн “Хүнд суртал чухал уу” ном нь улс төр судлаачид, шүүмжлэгчдийн дунд дуулиан дэгдээж, уншигчдаас өндөр үнэлгээ авсан юм. Энэхүү ном нь худалдаанд гарсан өдрөө сая орчим хувиар борлогдож, дээд амжилт тогтоосон байдаг. Краснер энэхүү номоороо уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж, түүний дараачийн бүтээлийг тэсэн ядан хүлээдэг уламжлал тогтсон байна.  

Дэлхий нийтээр найман сая гаруй хувиар борлогдсон “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого” ном нь мөн л олны дунд маргааны сэдэв болсон юм. Энэхүү бүтээл нь шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татаж, оны шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж