Энэ талаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатараас тодрууллаа.
-Усан цахилгаан станц барьсанаар Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?
-Усан цахилгаан станц барьснаар эрчим хүчний хэрэглээ өсч байгаа энэ үед эрчим хүчний оргил ачааллыг тохируулах, байгалийн сэргээгдэх эрчим хүчийг зохистойгоор ашиглах юм. Ингэхдээ 700 мянган тонн хүлэмжийн хийг бууруулж, 300 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой.
-400 мегаваттын усан цахилгаан станц хэчнээн жил ажиллах боломжтой бол?
-Ер нь 300-400 мегаваттын хүчин чадалтай бол 200-500 жил ажиллах боломжтой. Энэ жишгээр ажиллана. Харин улирлын байдлаар авч үзвэл, энэ усан цахилгаан станц маань жилийн дөрвөн улиралд буюу хүйтний улиралд ч ажиллах юм.
-Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ ямар эх үүсвэрүүдээс хэдий хэмжээгээр авдаг вэ?
-Хамгийн их хувийг дулааны цахилгаан станц эзэлдэг шүү дээ. Тухайлбал, 81 хувийг дулааны цахилгаан станц, найман хувийг ОХУ-ын импортоос, найман хувийг дизель генератороос, гурван хувийг усан болон салхин цахилгаан станцаас хангадаг юм.
-Усан цахилгаан станц байгуулахад тулгарч буй саад юу байна вэ?
-Нэг тодорхой бэрхшээл бол мөрөн дагуу байрлах болохоор ус ихтэй улиралд усан сан дүүрэх, боомтын доод хаширын урсац хязгаарлагдана. Тиймээс ОХУ-тай голын урсац чөлөөлөх тухай хэлэлцээ хийх хэрэгтэй байгаа.