Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд хүрэлцэн ирэхээр болсон билээ. “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах эдгээр хүндтэй зочид бол АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессор, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар юм.
Тэдний тухай товч танилцуулга толилуулж байна.
Профессор Фрэнсис Фукуяама
Энэ хүн олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдан лекц уншдаг юм. Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж тэрээр дэлхийд алдаршжээ. Түүний хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм. Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан гэдэг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарчээ. Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн энэ бүтээл уншигчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй орчин үеийн лидерүүдийн ширээний ном болсон байна.
Түүнээс гадна тэрээр 1995 онд “Итгэл найдвар: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” номоо дэлхийн арав гаруй орны хэлээр хэвлүүлсэн нь найман сая гаруй ширхэг борлогджээ. “Хүн төрөлтхний ирээдүй: Биотехнологийн хувьсгалын үр дагавар” номоо 2002 онд гадаадын дөрвөн хэлээр хэвлүүлж, дөрвөн сая гаруй нь борлогдсон байна. Харин “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн хэв журам XXI зуунд” номоо 2004 онд, “Салаа замын эхэн дэх Америк” номоо 2006 онд хэвлүүлсэн нь тус бүр хоёр сая хувиар, “Хоцрогдол: АНУ болон Латин Америкийн хөгжлийн ялгааг тайлбарлах нь” номоо 2008 онд, “Улс төрийн дэг журмын эхлэл” номоо 2011 онд нийтэд толилуулсан нь тус бүр сая хувиар борлогджээ.
Фукуяама “Салаа замын эхэн дэх Америк” номоороо америкчуудад өнгөрснөө эргэн харж, ирээдүйдээ чухам ямар хувь тавиланг сонгох вэ гэдэг асуултыг тавьсан юм. Тэрбээр Иракийн дайны гашуун туршлагыг сануулж, америкчууд энхийн замаар явсан бол дэлхий нийтээрээ хямрал, хүнд байдлаас зайлсхийх боломжтой байсныг илэрхийлэн олон улсын бодлогод шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа онцолсон байдаг.
Нэгэн үеийн турш хөгжлийн талаарх барууны сэтгэлгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол буюу заримдаа Вашингтоны зөвшилцөл хэмээгддэг онол дээр тулгуурлаж иржээ. Олон жилийн турш энэхүү загвар ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд 2008-2009 оны Уолл Стритийн санхүүгийн хямралаас хойш нийтээрээ түүнээс татгалзах болжээ. Энэхүү загварыг Европын загвараар орлуулж болох тухай зарим санаа гардаг ч энэ нь тийм ч таатай сонголт бус гэдгийг эдүгээ үргэлжилж буй еврогийн хямрал бэлхнээ нотолж буй гэлтэй.
Тэгээд ер нь улс орнууд хөгжлийн ямар загвар баримтлах учиртай вэ? Зарим нь Хятадын авторитар капитализмыг боломжит хувилбар гэж үздэг. Хятадын тэрхүү загварын амжилтын үндэс нь төрийн чадавхид оршдог гэж үзэх авч ихэнх хөгжиж буй орнуудад төрийн чадавх үгүйлэгддэг. Иймд хөгжлийн стратеги нь төрийн оролцоог хангахдаа нөхцөл байдлын бодит дүгнэлт үнэлгээнд суурилах, мөн улсын хэвшлийн чухал салбаруудад чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тиймээс орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама энэ удаа өгүүлэх бололтой.