Эрүүл мэндийн салбарын дампуурал ба морь унасан толгойгүй сайдууд

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын дампуурал ба морь унасан толгойгүй сайдууд

Миний үеийн эмч нарыг сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт ирж байхад буюу 1966,67 онд хөдөө сумдын малчин эхчүүдийн 30-50 хувь  нь л эмнэлэгт төрж байсан юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажил улс орон даяар хүчтэй өрнөж сумдын эмнэлгүүдийг машин унаатай болгосноор удалгүй эхчүүдийг 100 хувь эмнэлэгт төрүүлж төрөхийн хүндрэл эхийн ба нялхсын эндэгдлийг  бууруулж цэвэр өсөлт эрс нэмэгдэж халдварт өвчний гаралт ч  буурч тэмбүү өвчин бараг устах тийшээ хандаж  билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажил сайн байсан тэр үед сайд нь ч сайд шиг л сайдууд ажиллаж байсан даа. Г.Туваан,Б. Дэмбэрэл ,  С. Шаадай, Д.Ням-осор нарын үед хүн амын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт урьд хожид үзэгдээгүй амжилтанд хүрсэнийг түүх гэрчилнэ.
Түүнээс хойш төр нийгэм солигдлоо ч гэсэн эмнэлэг анагаах ухааны талаар тавьсан зорилт нь нэгэнт л хүнийг эрүүл байлгах, өвчин эмгэгээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвараа алдалгүй өндөр наслуулах,  халдварт өвчнүүдийг бууруулах гээд өмнөө тавьсан зорилт нь ижилхэн болохоор энэхүү ажил улам сайжрах ёстой гэж эмч мэргэжилтэн бид үздэгээ.

Жолоодлогогүй эрүүл мэндийн байгууллага

Эрүүл мэндийн салбарын ажил хаа сайгүй нэн хангалтгүй  байгааг бодоход өөрийн эрхгүй сайд нь  бодогдох юм. Сүүлийн 20-иод жил манай аймагт эрүүл мэндийн сайдын бараа харагдсангүй.
ЭМ-ийн сайд бол эрүүл мэндийн системийн байгууллагынхаа уураг тархи, нүд чих, алсын хараа нь болж,  төрөөс өгсөн төсөвийг үр ашигтай, шаардлагатай газар нь онож зарцуулах, оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэх хамгийн дэвшилттэй арга барилыг өөрийн улсын эмнэлэгтээ нэвтрүүлэх, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ ямар байгааг өөрийн нүдээр үзэж, эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож мэдээлэл авсанаар хаана ямар барилга байгууламж, тоног төхөөрөмж машин унаа , эм бараа хэрэгтэй байгаа, хөдөө сумдад эмчийн хүрэлцээ одоо болтол яагаад хангагдахгүй байгаа зэргийг  зохицуулж байх үүрэгтэй гэж би боддогоо.
Монгол хүний “зүй бусын хорогдол”-ыг бодохооор за ер нь эмч, эмнэлэг гэж байгаад хэрэг байгаа юмуу даа гэж  бодогдох үе ч гарах юм. Хүн амын “зүй бусын хорогдол” бол эмч эмнэлгийн ажилтанаас төдийлөн хамаарахгүй төр,  засаг зохицуулах ёстой үүрэгт ажлынх нь нэг шүү дээ. Архидалт, осол аваарь, бусдын гарт амь үрэгдэх,дутуу тахир болох, амиа хорлох осгох, хөлдөх зэрэг шалтгаанууд нь хорт хавдараар нас барахтай тоон үзүүлэлт нь зэрэгцэн орж ирж нас баралтын шалтгааны 2,3 –р байрын төлөө өрсөлдөж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл удахгүй нас баралтын шалтгааны эхний байранд “зүй бусын хорогдол” орох төлөвтэй байна. Өвчин туссан хүнд хайхрамжгүй хандаж нас барсан тохиолд эмчид хариуцлага ногддог энэ ч зүйн хэрэг.
Эмчээс шалтгаалаагүй олон хүний эндэгдэлд хариуцлага хэн хүлээх вэ? гэдэг асуудал гарч ирж байна.  Улс орныг удирдан чиглүүлдэг төрийн түшээд ч тангараг өргөдөг болсон болохоор хариуцлага хүлээдэг хүмүүс бас байж л таараа гэдгийг  төрийн түшээдэд сануулахад илүүдэхгүй бизээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод томоохон эмнэлгийн иж бүрэн барилга байгууламж  баригдсангүй клиникийн 1,2,3-р эмнэлгүүд хавдар , халдвар судлалын эмнэлгийн барилгууд дусаал гоожихдоо хүрч хүүхдүүдэд хэвтэх байр, үзэх эмч олдохгүй , эхчүүд амаржих газаргүй  болж ядахдаа   хуучиндаа өөдтэй засвар өргөтгөл ч хийсэнгүй байсаар өдий хүрч сонин хэвлэлээр өдөр бүр бичигдсээр байна. Энэ жил гарсан А1 N1-ын халдварч манай сайдын толгойг бүр  эргүүлж орхилоо. Уг өвчнөөр өвчилбөл дахин өвдөхгүй дархлаа тогтоно гэж ярьчихаад нөгөө асар их үнэтэй авсан вакцинаа өвчлөөд дархлаа тогтчихсон  хүндээ хийлгэчих  шиг . Энэ мэтийн холион бантан захаас аван.  Энэ бүхэн  эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж дампууралд орсны шинж биш гэжүү.
“10 удаа сонссоноос нэг удаа харчих, чих худалч нүд үнэнч” гэж манай сайдууд хэлэх дуртай ч,  нэг ч удаа хөдөө явж салбарынхаа ажилтай танилцахгүй нь гайхалтай. Бас зарим талаар арга ч үгүй юм боловуу халдвартай орчинд орчихоод өөрийгөө хамгаалж сэргийлэх ариутгал ч хийж  чадахгүй, ажлыг нь мэдэхгүй юм чинь аль ч салбараар ороод нэг ч зөвлөгөө өгч чадахгүй, асуусан  асуулт болгонд  нь бүдэрчихнэ шүү дээ ичмээр байгаа биз. Ийм хүмүүс би сайд хийнэ гэж яаж зүрхэлж  цалинг нь авч оромдож байнаа, ёстой нэг мөнгө цагаан нүд улаан гээч нь л болж байгаа юм боловуу.
 Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр  бүх аймаг ихэнх сумаараа  орчихож байгаа  шүү дээ. Сайд гэдэг тэр системын байгууллагын гүйцэтгэх засаглалын толгойлогчийн хувьд нэг аймгаар жилд хэдэн ч удаа орж нэн шаардлагатай ажлыг зохицуулах л ёстой албан тушаалтан. Эрүүл мэндийн салбар 4 сайдтай байгаад ажлаа арай чүү амжуулж байсан үе дөнгөж саяхан, ариун цэвэр халдвар судлал хариуцсан орлогч сайдаар толгойлуулсан том алба, аймаг бүрт 20-иод орон тоотой АЦХС-ын станцтай байж л халдварт өвчин эрс буурч элдэв төрлийн нийтийг хамарсан халдваргүй, Монгол орон хоггүй байж чадаж байсан даа. Энэ маш чухал том алба ор мөргүй алга болжээ.
ЭМ-ийн сайдыг ямар хүн хийх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. 40 гаруй жил сум, аймгийн төвд эмч хийж энэ ажилд одоо ч хутгалдсаар яваагийн хувьд   энэ асуултанд би өөрийн мэдэх хэмжээнд хариулъя.Сайдад бэлтгэгдсэн хүн нь ЭМШУИС-ийг төгссөн бас нилээд олон жил эмнэлгийн байгууллагад ажиллачихсан сайн эмч, авъяслаг зохион байгуулагч, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн, гадаад хэлний мэдлэгтэй олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож мэргэжлийн чиглэлээр мэдээлэл солилцох чадвартай ямар ч намын харъялалгүй хүн баймаар санагдана.
 ЭМ-ийн морь унасан толгойгүй сайдууд Т.Ганди, Д.Туяа, С.Ламбаа нараар төгсгөл болох цаг нь болсон, ард олон ч  эрүүл мэндээрээ  тоглуулж дууслаа, эрүүл мэндийн салбар ч дампуурч гүйцлээ,  хүн хийж чаддаг ажлаа л хийх нь бүхнээс чухал. Манай салбар бол үндсэндээ мэргэжлийн бус хүнээр жолоодуулсан нисэх онгоц л гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын удирдлага гэдэг нь анагаах ухааны салбар бие даасан шинжлэх ухаан гэж үздэг. Энэ ч учраас мэс засалчийн алдаа ширээн дээр хоцордог, сайн зохион байгуулагч хүчийг 4 дахин нэмэгдүүлдэг гэж сургадаг.
 Удирдах ажил чаддаг хүнд хэцүү, чаддаггүй хүнд амархан, шинжлэх ухаан ертөнцийг авардаг, улс төр сөнөөдөг / Ц.Мухар / гэсэн эрдэмтний мэргэн үг чухам л эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Эрүүл мэндийн салбарыг зохион байгуулах талаар мэргэшсэн  нэрт эмч эрдэмтэн Ц.Мухараар юмуу өөр боломжийн мэрэгшсэн хүнээр толгойлуулаад хэдэн жил болсон бол манай салбарын ажил өдийд ингэж дампуураа ч билүү үгүй ч билүү. Монголын хувийн эмнэлгийн салбарын менежментийг яаж хөгжүүлж байгааг “Ачтан элит” эмнэлгийг удирдан ямар амжилтанд хүрсэнийг бид бүхэн харж  байгаа  ба одоо бид эргээд Ц.Мухар эмчээ хэдэн эх төрүүлж туслаач гэж гуйж байгаа нь гутамшигтай ажил бишүү.
Улсын клиникийн II тусгай эмнэлгээс өөр өвчтөн хэвтэх стандартын шаардлага хангасан ортой эмнэлэг Монголд бараг байхгүй, аймгуудын эмнэлэг гэхэд 1970, 80- аад онуудад тавьсан төмөр ортой, хүн хэвтэхээр пүржин нь сунаад шаландаа хүрэх дөхдөг эсвэл элэгдсэн дэгээ төмөр нь мултарч унаад өвчтөнөө бэртээхэд хүрдэг тохиол ч байна. Эсвэл дан модон орон дээр нэг нимгэн гудас хаяад хэвтэхэд бие холгож  чилээд унтах нь бүү хэл бас  нэг шаналгаа нэмэгдэж эмчлүүлнэ гэхэд бас хэцүү, тэгээд орны очер хүлээгээд сар болох нь ч бий.  Монгол улс нэг хүнд оногдох орны тоогоор дэлхийд тэргүүлдэг ч гэх шиг   утгагүй юм яриад байх нь тийм ч таатай  зүйл биш. Улсын хэмжээгээр 20,000 орчим ор  бий гэж бодоод шинэчлэж стандартын болгоход мөн ч их мөнгө орно доо.
Монголын эмч эмнэлгийн ажилчдын цалин ч гэж инээдтэй, хүнд авч байгаа цалингаа хэлэхэд ичмээр дээ, өдөр дутмынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа   цалингаар сууцтай болно гэдэг ч гонжийн жоо биздээ. Энэ мэт эрүүл мэндийн салбарт даруй шийдвэрлэвэл зохих асуудал ар араасаа шил даран овоологдсон байгаа ба үүнийг сонсдог сайд,  арга хэмжээ авдаг засаггүй болоод дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гээч нь болоод байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа төсөв дэндүү чамлалтай байгаа нь энэ салбарын ажил мөддөө сайжрахгүйг гэрчилнэ.
Монголын ЭМ-ийн салбарын ажлыг сайжруулахын тулд юу хийвэл зохих талаар   саналаа нэмэрлэе.
Монгол улсын язгуур эрх ашгийн үүднээс авч үзвэл боловсролоос илүүтэй хүн амаа өсгөх, эрүүл Монгол хүний удмын сангаа хадгалан үлдэх асуудал нэн чухал зорилт болгож  эрүүл мэндийг тэргүүлэх салбар болгож  төрөөс өгөх төсөвийг наад зах нь дахин нэмэгдүүлмээр байна.  
 Монгол хүний нөхөн үржихүйн асуудалд гол анхаарлаа чиглүүлэн  эрүүл монгол хүн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүн амыг өсгөх бодлого эн тэргүүн зорилт болгон дэвшүүлж хэрэгжүүлэх, үр хөндөх асуудлыг замбараагүй болгосоноор хүн амын өсөлтөд муугаар  нөлөөлж байгаа тул эрүүл мэндийн хуулинд өөрчлөлт оруулж зөвхөн эмнэлгийн заалтаар шийдвэрлэж, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг болгон  үр хөнддөг асуудлыг болиулах, бүртгэл мэдээллийг тодорхой болгож, үр хөндөлтийг зөвхөн улсын эмнэлэгт хяналттай хийдэг болгомоор.  
Төрөөс олгодог хүүхдийн мөнгийг хасах биш нэмэгдүүлэн сар бүр олгож, өрх толгойлсон гэр бүлийн  гишүүнд ба  , өнчин, хагас өнчин хүүхдэд олгох тэтгэмжийг илүүтэй нэмэгдүүлэх  
 УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болно  гэсэн үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож,  мэргэжлийн хүнээр удирдуулан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтанг эмнэлгийн хамт олноор хэлэлцүүлэн  нэр дэвшүүлэн, хөтөлбөр гаргуулж баталгаажуулах, ажлаа хийж чадахгүй хүнд суртал гаргадаг намын эрх ашигт үйлчилдэг зохисгүй байдлыг эцэс болгож,  бүх шатанд ажил сайжруулах бололцоогоор хангаж, удирдах ажилтанд  хамт олны хяналт тавих хариуцлага тооцох механизм бий болгомоор байна.
 Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг чирэгдэлгүй болгохын тулд  оношлох, эмчлэн эдгэрүүлэх, урьдчилан сэргийлэх бүхий л үйлчилгээг нэг доор явуулах эмнэлгийн хотхон бий болгож  бие биерүүгээ дамжуулан эмнэлэг хэсүүлдэг хүнд суртлыг арилгаж үйлчилгээг шуурхай болгон хотхон дотроо асуудлыг иж бүрэн шийдвэрлэх боломж  бий бүрдүүлмээр байна.
 Сонгуулийн дараа намын харъялал харгалзан эмнэлгийн удирдлагыг хоморголон халах, эсвэл уг ажлыг хийж чадахгүй хүмүүст хариуцлага тооцохгүй  тэр албан тушаалд удаанаар байлгахыг эцэс болгож, ажлаа мэдэж хийж чадаж байгаа дадлага туршлагатай шудрага зарчимч хүмүүсийг хугацаа харгалзахгүй ажиллуулж , эмч эмнэлгийн ажилчдыг намын харъялалгүй болгох.
Эмнэлгийн ажилд тавих мэргэжлийн хяналт / эмчилгээний чанарын хяналтын байцаагч/ зарим аймагт байхгүй, зарим газар ор нэр төдий, зарим сумуудад эмчгүй, өвчтөн бараг хэвтэхгүй  байгаа ч төсөвийг жил бүр олгож байгаа , чанартай үйлчилж байгаа даатгалын эмнэлгүүдэд  нийгмийн  даатгалаас өгөх мөнгө нь хязгаартайгаас хөдөлмөрчид даатгалаа төлсөн ч гэсэн хохирсоор байгаа зэрэг шийдвэрлэвээс зохих олон асуудлыг нэг мөр болговол зохилтоо.
Эрүүл мэндийн олон сургууль нь чанаргүй олон хүн төгсгөж, ажил олдохгүй амьдралаа үрж яваа нь ч олон бий, үүнийг таслан зогсоохын тул зөвхөн захиалга өгч эргээд орох ажлыг нь шийдсэний дараа элсэлт авдаг журам тогтоож элсэгчдийг маш цөөрүүлэх нь улс орны болоод хувь хүний ирээдүйн амьдралаа зөв шийдэхэд нь чухал алхам болно.
Эмнэлгийн салбарт авилга өгч сургуульд ордог, төгсдөг, /лиценз / эмчлэх эрхийн бичиг авдаг, чанаргүй эрдмийн цол хэргэм олгодог, ажилд шинээр авдаг нь газар авсан байгааг таслан зогсоох цаг болсон. Мэргэжилдээ сул дорой мэдлэг чадвар нингэн, ном сэтгүүл уншидаггүй, архи уудаг, нийгмийн идэвхгүй, ажилдаа залхуу хойрго ёс зүйгүй ханддаг   эмч эмнэлгийн ажилчидтай хариуцлага тооцож ажилладаг боломж бүрдүүлээд тулж ажиллах хэрэгтэй байна.      
ЭМ-ийн даатгалын сангаас мөнгө авч санхүүжиж байгаа эмнэлгийг “даатгалын эмнэлэг” гэж нэрлэдэг гэтэл “хувийн хэвшлийн эмнэлэг “гэдэг нэр томъёогоор яваад байх юм, бидний  бодлоор төрөөс болон даатгалаас огт мөнгө авдаггүй эмнэлгийг “хувийн эмнэлэг” гэж нэрлэдэг байсан энэ нэр томъёог нэг мөр болгож, даатгалаас мөнгө авч санхүүжиж байгаа эмнэлэгт төрөөс тавих хяналтыг улсын эмнэлгийн нэг адил сайжруулмаар байна.
 Даатгалд хамрагдсан хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа багажийн шинжилгээ ба лаборторын шинжилгээ хийхэд орсон зардлыг улсын эмнэлгийн нэгэн адил даатгалаас ижилхэн төлүүлэх  нь шудрага үнэнд нийцнэ. Нөгөө талаар иргэн хүн үзүүлэх, шинжлүүлэх, эмчлүүлэх  эмнэлгээ өөрөө сонгох  эрхтэй гэж хуулиндаа тусгасан , энэ эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй шүү дээ.
 Ариун цэвэр халдвар судлалын албыг орхигдуулмааргүй байна. Хүнсний бүтээгдэхүүнтэй ажилладаг мянга мянган хүн гараа угааж маск ч зүүхгүйгээр өдөр бүр бохир орчинд үйлчилж халдвар нян тарааж, бид ч үүндээ дасч хэдэн арав зуугаараа нийтийг хамарсан халдвар хордлого гарч хүн амь насаа  алдахаар нь  хий сандралдаад өнгөрөхөөс цаашгүй болжээ.Үүний цаана ганц нэгээрээ халдвар ходлого аваад нийтэд мэдэгдэхгүй өнгөрч байгаа үй түмэн тохиолыг ч яалтай.
Сүүлийн жилүүдэд  байнга өсч байгаа гэдэсний ба ахуйн халдварыг хүн амын өвчлөлийн тайлангаас ч харж болно. Мэргэжлийн хяналтын алба өдөр бүр энд очиж хяналт хийж ариутгал устгал хийнэ гэж байхгүй  бололтой. Аймагуудад  ариутгал устгалын товчоо гэж зориулалтын машинтай, багаж төхөөрөмжтэй тамга тэмдэгтэй байгууллага байсан нь одоо үлгэр болжээ.
 Монгол хүний эрүүл мэнд, амь нас яасан ч хямдхан юм гэж гадаадынханд бодогдохоор байгаа ЭМ-ийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх даатгалаас орж байгаа мөнгийг зөвхөн эрүүл мэндийн тусын тулд нь зарцуулж өөр зүйлд зарахгүй баймаар байна. Эрүүл мэндийн даатгалын салбарыг нийгмийн даатгалаас нь салгаж аймгуудад ЭМ-ийн газарт нь, дүүргүүдэд  ЭМ-ийн төв дээр нь байрлуулбал даатгалаар орсон мөнгийг даатгуулагчийн эрүүл мэндэд зарах боломж бүрдэхээс гадна хамрагчдын хүрээг тэлж даатгалын санг арвижуулах боломж ихээр нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн системээ дампуурлаас гаргах нь эмч эмнэлгийн ажилчид төдийгүй нийт монгол хүн бүрийн  эрх ашигт нийцэх нэн хойшлуулшгүй ажлын нэгэн болжээ. Салбарынхаа ажлыг дээш нь татахын төлөө энэ салбарынхан жагсаал хийж байгаа нь багадахаас ихдэхгүй байхаа. Тэдний тавьж байгаа шаадлагад буруу зүйл байхгүй.

Ховд “Цуцаагүй жигүүр” ТББ –ын удирдах зөвлөл ,
ахмад эмч нарын холбоо, клиникийн профессор Б.Морх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж