С.Оюун: ЗГ-ын бүтцээр хоёр санал хүргүүлсэн

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

С.Оюун: ЗГ-ын бүтцээр хоёр санал хүргүүлсэн

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунтай улс төрийн нөхцөл байдлын талаар товч ярилцлаа.


-УИХ-ын үйл ажиллагаа гацаагаад байгаа асуудал дээр ИЗНН ямар байр суурьтай байгаа вэ?

-ИЗНН-ын байр суурь их тодорхой байгаа. УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлэхгүй байх ямар нэг шалтаг, шалтгаан, үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. УИХ аль болох хурдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд, УИХ бүтцийн байгууллагуудаа, Засгийн газраа байгуулаад түргэн ажиллах ёстой. Сонгогчид бидэнд асар их итгэл үнэмшил өгөөд хүлээлттэй байдал үүсээд ажлаа хийгээсэй гэж хүсч байгаа. МАН ч хуралдаа ирэх ёстой. Олонх бүрдүүлж эвсэл байгуулахаар гэрээгээ хийгээд байгаа АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч ажлаа хийх ёстой. Ийм ч шалтаг, тийм ч шалтгаан гээд байвал төрийн ажил явахгүй шүү дээ.

-ИЗНН Засгийн газрын 75 хувийг АН-тай хамтарч бүрдүүлэх гэрээ хийсэн. Тэр талаар АН-тай дахиж яриа, хэлэлцээ хийсэн үү?

-Манай ИЗНН-ын хувьд ажлын хэсгийн хүрээнд АН-тай наадмын дараа хэд хэдэн удаа уулзаад Засгийн газарт хэрхэн орох вэ гэсэн зарчмын зүйлүүдээ тохирсон. Одоо ИЗНН мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэг байгуулаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт юу оруулах вэ гэдэг дээр саналаа боловсруулаад дуусч байна. ИЗНН-ын дарга нар, дэд дарга нар, нарийн бичгийн дарга нар энэ асуудлаар уулзаж зөвлөлдөнө. Мөрийн хөтөлбөрийн төсөл дээр саналаа бэлдэнэ, танилцана. УИХ гацаанаас гараад ажлаа эхлэхэд бид бас гэрийн даалгавраа хийчихсэн байх ёстой гэж үзэж байгаа.

-Яамдын тоог нэмнэ гэдэг дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүний зарчмыг нэг их дэмжихгүй байгаа. Яамдын зохион байгуулалтыг тодорхой хэмжээнд өөрчилж болно. Харин тоо нэмэхийг дэмжихгүй байгаа. Манай намд байгаль орчны салбарыг санал болгосон. Манай зүгээс Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам гэсэн концепц байх нь зүйтэй гэсэн санал хүргүүлээд байгаа. Тэр ямар учиртай вэ гэхээр үйлдвэрлэл, уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд ямар ч салбар Монголд хөгжлөө гэхэд байгаль орчин түүнийг дааж чадах ёстой. Тогтвортой гэдгийг даацтай гэж бас ярьдаг болсон байна. Тэр өнцгөөс харахад Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам илүү өргөн хүрээ, концепциор асуудалд хандаж чадах юм гэсэн саналыг мөрийн хөтөлбөрт оруулахаар ярьж байгаа.  Засгийн газрын бүтцийн хувьд хоёр тодорхой санал хэлэх гэж байгаа. Нэгд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам байгуулах, хоёрт, жижигдүү юм шиг боловч маш чухал асуудлаар санал хүргүүлэхээр бэлдээд байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцдаг нэгж Засгийн газарт байх ёстой гэж үзсэн. Заавал яам, агентлаг гэж томоор харах албагүй. Шадар сайд юм уу, Ерөнхий сайдын харьяанд ажлын алба байж болно. Зарим оронд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн комисс, зарим оронд агентлаг байдаг. Ийм нэг алба Монголд байх ёстой гэж үзэж байгаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж