Олимпийн медальтнуудад ЗГ-ын мөнгөн шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнуудад ЗГ-ын мөнгөн шагнал гардууллаа

Монгол
Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX
олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 к-ынг жинд мөнгөн
медаль хүртэн, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж, түүхэн
амжилт гаргасан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60
сая, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очирт 30
сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах
шийдвэр гаргалаа.

Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн
газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан Олимп, тивийн наадам,
дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин,
түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах  журмын дагуу ийн
урамшууллаа. Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь
спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд
Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
мөнгөн шагнал гардуулахдаа та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн.
Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж эх орныхоо нэрийг дэлхийд
цуурайтуулсан  дүү нараараа ах нь үнэхээр бахархаж байгаа гээд тэдэнд
эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Зуны олимпийн XXX наадамд
жүдогийнхны гаргасан амжилтын буухиаг бусад тамирчид маань үргэлжлүүлж,
Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтаа мандаж, Төрийн
дуулал эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байлаа
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж