Боловсролыг тэргүүлэх салбар болгох нь зөв байсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Боловсролыг тэргүүлэх салбар болгох нь зөв байсан уу?

Улс орны тэргүүлэх салбарыг ямар үзүүлэлтээр хаанаас тогтоодогийг би  сайн мэдэхгүй юм. Нөгөө талаар тэргүүлэх салбар  хэдэн жил үргэлжлэх, хугацаа  хэзээ дуусах нь  тодорхой биш учир,  одоо болтол үргэлжилсээр байна. Гэвч боловсролоос  илүү улс орны эрх ашигт нэн шаардлагатай салбарууд олон байх шиг. Бидний өвөг дээдэст бичиг үсэг мэддэггүй хүн, хүн амын ихэнх нь байсаан. Харин огт хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс олон байсан гэж дуулаагүй юм байна.
  Улс орныг үйлдвэржүүлэх, зам харилцаа хөгжүүлэх, хүн амаа өсгөх, эрүүлжүүлэх , газар тариалан хөгжүүлэх, эрдэс баялагаа ашиглах  гээд хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай салбарууд шил шилээ харан зогсож байгаа юм бишүү . Үүнээс манай төр засаг боловсролыг тэргүүлэх салбар болгоод 20 шахам  жил болж байгаа боловч,  өнөөдөр хөгжлийн ямар үр дүнд хүрч, ард олны  аж амьдрал хэрхэн дээшилсэн бэ? гэдэгт дүгнэлт хийхэд нэгийг бодогдуулна.
Монголд шүүх прокурорын ажил мэргэжилтэн 600 орчим л хэрэгтэй байхад түүнийг бэлтгэдэг бие даасан 10 –аад дээд сургууль, их дээд сургуулийн 20-иод анги салбар, дээр нь уг мэргэжлээр төгссөн 10,000-аад илүүдсэн боловсон хүчин байгаа нь боловсролд тавих төрийн хяналт алга болж хэн дуртай нэг нь сургууль байгуулж мөнгө олох хэрэглүүр болгож ирсэн нь тодорхой байна. Нэг үгээр боловсролын  салбараа гүнзгий хямралд оруулчихсан байгаа юм бишүү.  
 Харин ч дээр дурдагдаагүй  архины үйлдвэрлэл,  худалдаалах цэг , архидалт, баар цэнгээний газар, найр наадам,  ашигт малтмалын лиценз худалдах борлуулах албад,   хувь, хувьсгалаараа алт ухах, ажилгүйдэх, ядуурах   зэргийг  тэргүүлэх салбар болгочихсон ч юм шиг  ээдрээтэй асуудлууд олон гарч ирж улс орон хөгжлийнхөө ямар үе шатанд яваа нь тодорхойгүй байна.
Монголд эрүүл мэнд, үйлдвэржүүлэлт , дэд бүтэц, зэрэг салбарыг боловсролын ард орхигдуулмааргүй санагдана. Монголчууд цөөхөн байж хүн амын өсөлт удаашрах тусам   бусад улс үндэстэнд уусах, магадгүй тусгаар тогтнолоо  алдах сөрөг үр дагавар ойрхон байгаа. Улс орноо хөгжүүлэх , хийж бүтээн байгуулах нь илүү  хурдтай   болсоноор бусад орнуудтай мөр зэрэгцэн адил хэмжээнд  хөгжих боломжоор хангагдах ёстой бусуу.
Манай улс шиг цөөн хүн амтай өргөн уудам газар нутагтай улс орны хөгжлийн гол түлхүүр нь хөдөлмөрийн чадвартай, оюунлаг  хүн амын өсөлт гэдгийг гадаад дотоодын элэг нэгтнүүд, олон эрдэмтэн судлаачид, улс төрчид зөвлөж бид ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөг.
Энэ үндсэн дээр 1993 онд “Хүн ба хөгжил “хэмээх Монгол улсын илтгэлийг ШУА, ЭМЯ, БСШУЯ, Үндэсний хөгжлийн газар, Хүн судлалын төв, Улсын статистикийн газар зэрэг төр, олон нийтийн 12 байгууллага, монголын олон арван шилдэг эрдэмтэд оролцсон бүтээлийг эмхэтгэн гаргаж  2019 он хүртэлх хүн амын өсөлтийн / прогноз / төлөвийг тодорхойлсон билээ.
 Хүн амын нөхөн үржихүй гэдэг нь хэнээс ч шалтгаалахгүй явагдах нөхөн үйлдвэрлэл, үүнийг зөв зүйтээ залж удирдах нь төрийн бодлогын нэн чухал салшгүй хэсэг байх ёстой.
Гэтэл одоогийн байдлаар хүн амын өсөлт төлөвлөснөөс 500,000 орчим хүнээр дутуу явж байгааг юугаар тайлбарлах болж байна.  Жилдээ хичнээн эх жирмэслэж хичнээн нь төрж байна вэ?, хэд нь  үр хөндөх хэмээх цаазын тавцанд өртөж хүн болж чадалгүй замдаа үрэгдэж байна вэ? Үүний учир шалтгаан чухам юунд байна вэ? Хүүхдэд олгож байсан мөнгийг хэн хасав, хасах нь зөвүү?  бүр нэмэх нь зөвүү? монголд хүн хэрэггүй болоо юу гэх  мэт олон асуудал ар араасаа цувран гарч ирнэ. Энэ асуултанд бид, бүхэн та бүхэн хариулах ёстой.

Боловсролыг тэргүүлэх салбар болгосноороо бид чухам юуг хоживоо

Монголоор нэг дээд боловсролтой болчихвол амьдрал нь тэгширчих мэт хоосон мөрөөдөлтэй хүүхэд залуус нэг нэгнээ даган дуурайж, дээд сургууль төгсөхийн хүслэн  болж хот орон руу гэр орноороо нүүн ирсэн нь  Улаанбаатарын өнөөгийн төрхийг ийм байдалд хүргэсэн гэхэд нэг их хилсдэхгүй л боловуу.Зарим нь ч бичиг үсэгт муухан, багшийн лекцийг ч гүйцэж бичих чадваргүй , эцэг эх ах дүүсээ зовоож , хэдэн малаа зарж   дээд сургуульд орж сурч байгаа нэртэй, хүн ам айл өрхийн гэнэтийн бөөгнөрөл бий болгов.  
Ийнхүү төрөөс боловсрол, мэргэжлийг тэргүүлэх салбар болгосноороо  хүүхдээ дээд боловсролтой болгох гэж хөдөөнөөс хот руу  шилжих хөдөлгөөн богино хугацаанд эрс нэмэгдэж Улаанбаатарын эргэн тойрны дов салаа, гуу жалга болгонд,  бүр уулын оройд хүртэл тэг гортог татаж гэр, хашаагаа барьж галаа түлэн утаа нь хотыг бүрхэж гамшигийн хэмжээнд хүрч  “Утаанбаатар “ болгоод, үер усны зам дээр бууж, тог цахилгаан, ундааны ус гээд түмэн зовлонтой үйлийн улмаас  үүссэн бэрхшээлийг яалтай.
Оюутны сургалтын төлбөр гуйсан түмэн өргөдөл, газрын маргаан, хог новшиндоо дарагдчихаад цэвэрлэх, ачих эзэнгүйдэлд орсон байдал халдварт өвчин гэх мэт алиныг тоочиж барах вэ?  
Улаанбаатарт 200-аад дээд сургуулинцар байгуулагдаж  нэг байшинд дөрвөн ч дээд сургуулийн хаяг   хадаатай байгааг хүмүүс анзаарч л байгаа шүү дээ. УИХ, Засгийн газрынхан утаа багасгах талаар гадаадын орнуудаар  туршлага  судлахаар  явж байгаа нь ч хөгөө чирсэн ажил юмуудаа. Монголоос өөр цөөхөн жилд нийслэлдээ зуун мянгаар тоологдох айл өрх нүүлгэн ирүүлж  утаа тавьж агаар нь гамшгийн хэмжээнд хүртэл бохирдож , цэвэр ус, цахилгааны хомсдолд хэдхэн жилийн дотор орж байгаа улс орныг дэлхийн хичнээн орноор яваад ч олохгүй байлгүй дээ.
Монголын төр засаг мөн ч хийх юмаа олж ядаваа гэж бодогдоно. Чухамдаа  Улаанбаатар орж яг эмчлүүлэхээр гэр орноороо нүүгээд байгаа нь нэн цөөн байгаа гэдэгт би олон жил эмч хийж байгаагийн хувьд итгэлтэй байна. Энэ талаар нарийн судлагаа хийвэл бүр  тодорхой болох байхаа. Тэнд нилээд олон үйлдвэр байгуулчихаад ажиллах хүчин дутагдаад тэнд очиж ажиллах шаардлага гарсан бол өөр хэрэг.1944 оны мичин жилийн зуднаар малаа барсан олон өрх айл тэр үед Налайхын уурхайд нүүдэллэн ирсэнээр бүгд ажилтай болж амьдрал нь дээшилж олон хөдөлмөрийн баатарууд алдартнууд төрж улс орны хөгжлийг түргэтгэхэд асар их хувь нэмэр оруулсаныг ч мартах болоогүй.
Муу үйл модон улайтаа гэгчээр дээр нь өөр  ямар үр дагавар бий болгосныг  заримыг нь дурдъя. 300,000 орчим оюутан, сурагчид өглөө бүр нэгэн зэрэг хичээлдээ очих  ёстой. Хотын замын түгжрэл, автобус унааны хүртээмжгүй байдал оюутнуудын унааны мөнгөө төлөөгүйгээс автобус компаныханд үүссэн маргаан, хохирол оюутны сургалтын төлбөр, байр хоолны асуудал,  ажлын байрны захиалгагүй сургалтаас  үүссэн ажилгүйдлийн үр дагавар, архидалт, янз бүрийн нийгмийн халдварт өвчний тархалт, замын осол аваараас үүдэлтэй  эрүүл мэндийн талаар үүссэн хохирол гэх мэт тоочоод баршгүй сөрөг үр дагавар бий болжээ.
 За яахав шүд зуун гүрийж байгаад сургуулиа төгсөөд ажлын байрлуугаа нүүгээд явчихдаг бол бас яая гэх вэ.
 Харин тэндээ үлдээд ТҮЦ-ний худалдагч хийгээд архиа уугаад гэмт хэрэгт орооцолдоод явдаг нь үнэхээрийн гутамшигт амьдрал. Монголын төр, засаг ийм гутамшигтай амьдралыг эртнээс зөв гольдролд нь оруулах  арга хэмжээ авахгүй байсаар өдий болж , одоо ч үүнийг нь дэмжээд диплом хэмээх хавтас олгодог, ёс төдий дээд сургуулиудын оюутны төлбөрийг төсөвийн мөнгөөр төлөөд  өөхшүүлээд байгаа нь бас л  гутамшиг бишүү.
Хайран ч мөнгө, түүгээр бага ч болов нэг үйлдвэр байгуулж ганц нэг нь ч гэсэн ажилтай болгохсон. Манайд ирсэн новелийн шагналт нэгэн эрдэмтэн монголын боловсрол мэргэжил олголтын байдалтай танилцаад Монголд нэг л дээд сургууль байхад хангалттай гэж хэлснийг бас л бодолцмоор шүү.
 Дэлхийн шилдэг 500 дээд сургуулийн жагсаалтад манайхаас нэг ч сургууль багтаагүй  нь бас л нэгийг бодогдуулна. Хятад улс 195, АНУ 200 дээд сургуультай гэх ба дэлхийн улс орнуудын дотор дээд боловсролын зохистой харьцааг бий болгож чадсан орон гэж Их Британийг үздэг,  60-аад сая хүн амтай энэ улс 89 дээд сургуультайг нь бодоход манайд 3-4 дээд сургууль байхад л хангалттай ажээ. Сайн гэгддэг дээд сургуулиудаас нэг нь ч 500-д багтаж чадаагүй нь  шаардагдаж байгаа мэргэжилтнээ гадаадад бэлтгэхийг хэлээд байгаа юм бишүү.
Иймд Монголд дээд тал нь 5,6 дээд сургуультай байхад л хангалттай.   Улаанбаатар аль хэдийнээ  оюутны хот болчихсон байгаа шүү дээ. Саяханаас ухаан орж байгаа юм шиг  засгийн газраас одоо оюутны хотхон бий болгоно ч гэнэ үү 300 гаруй сая доллараар  дахиад оюутны хотхон байгуулна ч гэнэ үү санаанд үл багтах юм яриад байх юм.
Ийм  шийдвэр  гаргаад нэгэн доор төвлөрүүлэх, сургуулиудыг нэгтгэх, цэгцлэх ажил зохиож эхэлж байгаа нь сайшаалтай санаа боловч ирээдүйтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзээтэй ажээ Бидний сайн мэдэх ОХУ-ын дээд сургуулиуд нь нийслэлээсээ хол Иркутск, Новосибирск, Харьков, Уральск  гэх мэт хотуудад,  АНУ-ын Вашингтон хотын тийм дээд сургууль гэж дуулаагүй юм байна.
Дээд сургуулиудыг нэгтгээд дагавар хот тухайлбал Бага хангайд ч юмуу Налайх, Багануурын аль нэгэнд шилжүүлэн байрлуубал утааны, унааны, байрны, замын түгжрэлийн гэх мэт түмэн бэрхшээл зовлонгоос салах боломжтой юм бишүү.
 Нийслэлээ нүүлгэхээс дээд сургуулиудаа нүүлгэвэл  олон тулгамдсан асуудлыг зэрэг шийдвэрлэж нийслэлийн ачаалалыг хөнгөлж болмоор санагдана. Нүүлгэхэд гарах зардал нь утааг арилгах, давхар гүүрэн зам барих, усны гачаалаас гарах, гэр хорооллыг орон сууцжуулахад  гарах зардал гэх мэтээс  хамтад нь шийдэх боломжтой юм шиг санагдана.
Улс орны хөгжлийн тэргүүлэх салбарыг ээлжлэн шинэчлэж улмаар  5-10 жилийн хугацаанд хөл дээр нь тогтоож тогтвортой хөгжиж чадахуйц болгоод дараагийн салбарыг тэргүүлэх салбар болгомоор санагдана.  
Эхний ээлжинд  эрүүл мэндийн салбар буюу хүн амын нөхөн үржихүйн асуудлыг төрөөс дэмжих бодлого баримтлан наад зах нь ойрын таван жилд энэ салбарыг дэмжин тэргүүлэх  салбар болгох нь  улс орны язгуур эрх ашигт нийцэлтэй баймаар  санагдана.
Дараагийн ээлжинд  улс орныг үйлдвэржүүлэх, газар тариалан,  мал аж ахуй, зам харилцааг хөгжүүлэх, эрдэс баялагаа ашиглах зэрэг дараалал бий болгож  ямар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай нь  гарч ирнэ. Үүнийгээ дагаж их дээд сургууль, коллежууд, сургалт үйлдвэрлэлээр  ямар мэргэжлийн боловсон хүчнийг хичнээн  тоогоор  бэлтгэх захиалгын дагуу хэдэн дээд сургууль, коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй байх нь аяндаа тодрох ёстой бишүү.  
Иймд дээд боловсрол нь тэргүүлэх салбар биш, төр засаг, пүүс компани, аж ахуйн нэгжүүдийн  захиалга биелүүлэх салбар л баймаараа. Ер нь тусгай мэргэжлийн сургуулиудыг шинээр байгуулах, татан буулгах, улс орны хэрэгцээнээс шалтгаалан ямар мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байгааг  тодорхой судлагаа гаргасны үндсэн дээр, засгийн газар буюу их хурлын тогтоол гарч баймааж сургууль байгуулдаг тогтолцоог  бий болгож , шаардлага хангахгүй, хэрэгцээнээс илүүг нь   татан буулгах, мэргэжил олгох чиглэлийг нь өөрчлөх,   шинээр байгуулах зэрэг ажлыг төр гартаа авч шийдвэрлэдэг болмоор байна.
Сургууль байгуулах   эрхийг боловсролын яамны магадлан итгэмжлэх  олгодог хэдэн хүнд өгсөнөөр  ард олон, хувь хүн хичнээн хохирол амсаж амьдрал нь хөөрхийлөлтэй болж олон мянган залуус амьдрал, хувь заяаны төөрөгдөлд орж ажилгүйдлийн манангаас гарч чадахгүй  байгаад дүгнэлт хийгээчээ төр засаг минь. Жил бүр Монгол улсын төсөвийн лавтай 1/3 нь боловсролын системд зарцуулагдаж  дээр нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө ч тийшээ явчихаж байгаа, ингээд л ядуурдаг нь багасах биш улам  нэмэгдэж байгаа шүү дээ.
Үйлдвэржилтийг тэргүүлэх салбар болгоод   дээрх мөнгийг үйлдвэр байгуулахад зарцуулсан бол өдийд аймаг бүр 3-аас доошгүй томоохон гэх үйлдвэр байгуулчихсан ажилгүйдэл ядуурал арай багассан ч байж болох юм гэж миний мунхаг ухаанд бодогдох боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалт ч гэсэн замаа алдаж гүйцлээ 3 сард сурчихдаг цагаан толгойгоо 9 сар үзэж байх жишээтэй, анги алгасуулж байна ч гэнэ үү заах хичээлээ багш нь ч мэдэхгүй, юу сурахаа сурагч нь ч мэдэхгүй 12 жил  сургаж мэдлэг боловсрол, хүмүүжил олгох биш хүүхдийг залхаах  нь улам ихсэж хичээлдээ дургүйцсэн нэг нь хичээлээ таслаад компьютер тоглодог, архи уудаг, тамхи таттаг, эмс охидыг эрүүлдэг  боллоо.
Сургалт Үйлдвэрлэлийн төвийг аймаг сум бүрт төрөлжүүлэн  байгуулмаар байна.Тэнд нэг их нас харгалзахгүй сургаж  шаардлагатай мэргэжлийн хүмүүс  бэлтгэж  багаас нь хөдөлмөрийн хүмүүжил олгож амьдрах ухаанд сургамаар  байна. Энэ талаар олон түмэн минь санал сэтгэгдлээ хуваалцаж улс орноо хөгжүүлэх, наанадаж амьдралаа дээшлүүлэхэд нэмэр болох санаачлага гаргаж хэрэгжүүлмээр байна.  Улс оронд үүссэн гаж тогтолцоог арилгахад иргэн бүрийн үүрэг нэн чухал боллоо.

Ховд аймаг. “Цуцаагүй жигүүр” ТББ-ын тэргүүн,
 “Ач-заяа” эмнэлэг клиникийн профессор Б.Морх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж