Хууль, зүйн сайдад асуулт илгээв

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Хууль, зүйн сайдад асуулт илгээв

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж асуулт илгээлээ.

Эрхэм гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар 33.1.3 дахь заалтыг үндэслэн “Триннозавр Батаар”-ын хэргийн бусад талуудыг илрүүлэх ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар дараах асуултуудыг тавьсан байна.

Үүнд:

1.Энэхүү үнэт олдворыг олон улс дамжуулан худалдахыг завдсан АНУ-ын иргэн Эрик Прокопи, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн Крис Мор нар нь Монгол Улсын хилээр хэзээ нэвтэрч, хэдий хугацаанд ямар статустайгаар манай улсад оршин сууж байсан болох;

2.”Триннозавр Батаар” Монголоос хэрхэн олборлогдож, хэрхэн хилийн чанадад гарсныг шалгаж эхэлсэн эсэх, шалгалтын явц ямар байгааг;

3.Иймэрхүү төрлийн олон улс дамнасан гэмт хэргийг таслан зогсоох талаар ямар арга хэмжээ авах, төлөвлөж буй ажлууд, цаашилбал эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тус тус мэдэхийг хүсч байгаагаа эрхэм гишүүн энэхүү асуултдаа дурдсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдад илгээсэн асуултдаа “Хоёр сар гаруйн өмнө Монголын говиос гаралтай үлэг гүрвэлийн чулуужмалын нэг болох “Триннозавр Батаар”-ын яс олон улсын зах зээл дээр дуудлага худалдаанд орох явцад Монгол улсын соёлын өвийн тухай болон Эрүүгийн хууль зөрчигдсөн байж болзошгүй асуудал олон нийтийн анхааралд орсон. Манай улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр АНУ-ын хууль сахиулагчид шуурхай арга хэмжээ авч уг дуудлага худалдааг хүчингүй болгосон бөгөөд, энэхүү аварга үлэг гүрвэлийн ясыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай болохыг АНУ-ын шүүх нэгэнт тогтоож, олон улс дамжсан хулгайн үйл ажиллагаа байсныг нотлон гаргасан байна.

Монгол Улсын палеонтологийн үнэт олдвор болох “Триннозавр Батаар”-ын ясыг хууль бусаар хил давуулан олон улсын дуудлага худалдаагаар худалдахыг завдсан этгээд нь АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч болохыг АНУ-ын хууль, хяналтын байгууллагууд тогтоожээ” хэмээн дурдсан бөгөөд Монголын үлэг гүрвэлийг хууль бусаар худалдаалахыг завдсан этгээдийн нэр тодорч эхэлсэнтэй холбогдуулан дээрх асуултуудыг тавьж буй юм байна. Олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд илэрхий болсон энэхүү гэмт хэргийн эзэн, холбогдогчдыг тогтоох талаар тус араг ясыг анх худалдсан газар гэгдэх Япон улс, араг ясыг АНУ-руу оруулахын өмнө хадгалж байсан гэх Их Британи улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн эсэх, хамтарсан ямар арга хэмжээ авч байгаа талаар мөн асуултдаа тодруулсан байна.

Эрхэм гишүүн асуултынхаа хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8–д заасны дагуу 14 хоногийн хугацаанд бичгээр ирүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүсч, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсчээ. Гишүүн Ц.Оюунгэрэл үлэг гүрвэлийн энэхүү олдворыг Монголд ирүүлэх талаар эхнээс нь хөөцөлсөн хүний нэг юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж