”Өдөлсөн” сэтгэлийн чанад дахь “Playtime”

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

”Өдөлсөн” сэтгэлийн чанад дахь “Playtime”

Холбосон гинж мэт хүмүүсийн “гранж” хоолой, бөмбөрийн цохилт, гитарын чавхдаст бэхлэгдэх. Тийм ээ, “амьд” хөгжим сонирхогчдын зүрхнээс булгилах эрх чөлөөг тунхагласан “Playtime” 11 дэх жилдээ нүргэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гачууртын “Монгол шилтгээн”-ий задгай талбайд өнгө өнгийн майхан, мотоциклиудын эгнээ, хөгжимт сэтгэлээ өгсөн залуусын бөөгнөрөл байлаа.

 Наадам хоёр өдрийн турш болсон бөгөөд нийт 52 хамтлаг тоглосон юм. Цагийн хуваарийг ажвал наадмын бичигдээгүй дүрэм ёсоор өдрөөр шинэ залуу хамтлаг тоглож, оройн цагаар бусад хамтлагууд тоглож байлаа. Гэхдээ энэ жилийн шинэ залуу хамтлагийг ажиж байхад, чадваржсан харагдаж байна. Энэ нь зөвхөн миний бодол бус, бусад хүмүүс мөн адил хэлж байхыг сонссон юм. Эхлээд наадмын зохион байгуулалтын тухай товч хүүрнэе.

“Playtime”-ын ертөнц

Монгол шилтгээний гадаах хатуу хучилттай зогсоолд машинууд “хөгжим сонсон”  байна. Энэ жилийн наадмын тасалбарын нууцлалд их анхаарсан нь харагдсан. Тасалбар дээр нууцлалын тэмдэг байхаас гадна “Монгол шилтгээн” рүү орж гарахад заавал тасалбараа шалгуулах гэлгүй гарын цаасан бугуйвчийг зүүж өгч байсан юм. “Playtime”-ын үеэр архидан согтуурах, хэрэг зөрчил гарахаас сэргийлж, үүдээр орж гарах болгонд хамгаалалтын ажилчид цүнх нэгжинэ. Наадмын талбай руу хутга мэс, архи, мансууруулах бодис оруулгүй байлгах үүднээс цүнх бүрийг нарийвчлан шалгаж байсан нь зүгээр хөгжим сонсох гэж ирсэн хүмүүсийн хувьд хүндрэлтэй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Гэсэн хэдий боловч задгай агаарт зүрхэн лугшилт хүчтэй, хөгжимлөг хүмүүсийг олноор цуглуулж байгаа учраас хамгаалалтыг ийнхүү чанд сахих нь нэг талаараа авууштай. Энэ жилийн наадам маань учир битүүлэг шалтгаанаар болохгүй гэж байсан ч хөгжимд сэтгэлээ өгсөн хүмүүсийн тэмүүлэл, хүслээр 11 дэх жилдээ болсон нь олон хүний урмыг хөглөсөн гэлтэй. Тийм дээ ч шилтгээний хаалгаар орохоос эхлээд сэтгэл түгшмээр аядаж, эргэн тойрноо өнцөг алдахгүй харж байсан. Наадмын талбайд өдөр 14.00 цагийн үед цөөн майхан байтал удалгүй, аажмаар, алгуураар майхны тоо нэмэгдсээр байлаа. Гэр бүлээрээ хамт ирсэн хүмүүст зориулж хийлдэг бассейн байрлуулсан байсан. “Халуухан” наранд том хүн үрчийн байхад, багачууд аав ээжээсээ зүүгдэн сүүдэр нэхэн явах нь олонтоо байсан бөгөөд, хийлдэг бассейныг энэ жил шийдсэнд нь сайн дүн өгмөөр. Багачууд сэлээд л, томчууд ч юугаараа дутхав. Наадамчдыг хоолоор тэтгэх үйлчилгээний газрууд хоёр хоног үдлээд буцахад хангалттай байв. Тухайлбал, хуушуур, пицца, шарсан зайдас, шорлог, бантан, сүүтэй цай, түргэн хоолнуудыг идэж, хүйтэн пиво уунгаа дуугаа сонсох таатай. Цаг агаар наадамчин олныг ивээн цацраг туяагаа биен дээр харамгүй шингээж байсан учраас гудасаа  чирсээр голын эрэг бараадаж, модны навчин доор толгойгоо савлан суух хөгжим сонирхогч олон. “Playtime” зах энэ үеэр арьсан эдлэл, наадмын логотой фудволк зэргийг дэлгэсэн. Наадмын талбайд сонирхол татсан нэг зүйл тийш очлоо. Бие нь үсэгнээс бүтдэг үгэн хэлхээг хэлж чадна. Харин сэтгэлийн чанад дахь хязгаар алсад буй хүслээ нүдээрээ нэрлэх бяцхан охин тэнд байна. Гайхаж байна уу? Энэ бол гэрэл зураг. Тааран материалан дээр гэрэл зургийг хавчаараа тогтоосон байв. Зураг бүр сэтгэл хөдлөлтэй. Тэдгээр чөлөөт сэтгэмжийн зурагнууд нь “Photo msg”  гэх гэрэл зураг сонирхдог залуусын бүтээл гэнэ. Түүнийг ажин байх таалагдсан. Энэ жилийн хувьд хүмүүс яагаад ч юм урьд жилүүдийнхээс бага санагдсан. Тийм дээ ч, дээр дурдсан өнгө өнгийн майхнууд цөөн байв.

Наадмын дуугаралт

Хамгийн гол нь энд, задгай агаарт задгай хөгжимд тэмүүлж ирдэг билээ. Энэ жилийн наадмын тухайд, шилтгээний гадаа, ойр орчимд нүргэлдэг байтал наадмын дуугаралт сонсогч бидний мэдэрсэнээр бага зэрэг сул санагдсан. Гэхдээ бага зэрэг л. Хоёр өдрийн тоглолтын хуваарьт зарим хамтлагуудын дараалал өөрчлөгдөж, хуваариас 30-40 минутын хоцрогдолтой явж байсан. “Playtime” бол өөрөө “Playtime” шүү дээ. Рок наадмын хувьд хуваарийн тал дээр жижиг өөрчлөлт юу ч биш гэлтэй. Учир нь олон хүмүүсийг нэг дор цуглуулж, хамтлагуудын хүн хүчийг нэгдмэл байдлаар байлгаж байна гэдэг тийм ч амаргүй. Наадмыг зохион байгуулахад тэргүүн эгнээнд зүтгэсэн хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье. Эргэлтийн цэгээс буцалтын цэгт хүрье.

Наадмын дуугаралтыг ажин байсан залуусын яриагаар бол эхний өдөр “Leftlimbo”, “Lego”, “ Flamingo Fitch”, “The lemons” хамтлагийг онцолж байв. “Lemons” хамтлаг 23.30 цагт тоглосон бөгөөд талбай дээр бүх хүмүүсийг цуглуулж чадсан юм. Ялангуяа “байсан” нэртэй дуу нь залуусыг  ихээхэн хөдөлгөөнд оруулсан. “Улаанбаатарын үдэш” дууг сонирхуулснаар галын наадмыг хүлээн амсхийв. Хөгжим сонирхогч залуусын сайн мэдэх дууг галын наадмаар тоглуулж, мэдээж галаа тойрон бүжнэ. Энэ үеэр хуушуур хийж буй үйлчилгээний асар ажилласан хэвээр. Хуушуур идсэн хүмүүс шөнө оройг ялгалгүй явах нь тийм ч олон харах үзэгдэл биш шүү.

Дараагийн өдөр нь тоглолт 11.00 цагт эхлэх байсан бол цагаасаа бага зэрэг хожимдож эхэлж, халуун нар ч шатав. Усанд норж л сэрүүцэх. Наадмын онцлогоор хоёр дахь өдөр нь хүнд талдаа хөгжим тоглодог юм. Хүмүүсийн байр байдал, тайван болсон байв. Энэ жил “Булсара”, “Метроном” хамтлаг наадамд оролцоогүй юм.

Хөгжимлөг ертөнц дунд тасралтгүй 11 жил зорчсон хүний дурдатгалыг сонсоход “Playtime наадмаар олон залуусыг нэг дор цуглуулж, жил дарааллан хүлээдэг том үйл явдал болчихож. Цаашдаа ч энэ хэвээрээ шинэ залуу хамтлагуудаараа рок хөгжмөө өнгөлж яваасай гэж хүсч байна. Туршлагатай бусад хамтлагууд мөн идэвхтэй оролцож байгаасай” гэж хэлж байсан. Нээрэн л цаашдаа урлагийн энэ томоохон урсгалаа хадгалж, шинэ залуу хамтлагуудаа дэмжин, нэгдсэн том фестиваль зохиож, нэг эгнээнд явуулж байгаад хөгжим сонирхогчид  талархалтай ханддаг юм. “Playtime” жилийн жилд амьд хөгжим сонирхогч залуустаа урмыг хайрласан, нүргээнт хөгжмөөр нэгэн ерөнц бий болгосон хэвээр байна гэдэгт итгэлтэй байна. Урлагийг шинэтгэгч “Playtime”-д…

Зургийг ЭНД дарж үзнэ үү

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж