“Шударга ёс” эвсэл ухрахгүй гэдэгт итгэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл ухрахгүй гэдэгт итгэж байна”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн сэдвээр зарим зүйлийг тодрууллаа.

-АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар гэрээ байгуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн саяхан шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар АН байр суураи илэрхийлэх ёстой гэж танай намд хандахаар болсон юм байна. Албан ёсоор энэ асуудлаа тавьсан уу?

-Албан ёсоор хандаагүй байна. Нэг зүйл хэлэхэд “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах гэрээ хэвээрээ байгаа. “Шударга ёс” эвсэл МАХН-ын удирдлагаас болоод ард түмний эрх ашгийн асуудалд тэс хөндлөн байр суурьтай байна гэж би бодохгүй байна. Бидний өмнө хийх ажил олон байгаа. Тэр рүүгээ л явах ёстой. Бид өмнө нь байр сууриа хэлсэн. Н.Энхбаяр даргыг шүүхээс шийтгэсэн явдал бол шүүх эрх мэдлийн асуудал юм. УИХ бол хууль тогтоогч байгууллага. УИХ цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нь ард түмний эрх ашиг. Мэдээж тухайн нам намынхаа удирдлагын асуудлаар хүнд байдалд байгаа гэдгийг АН ойлгож байгаа. Улс төрийн намд янз янзын зовлон, янз янзын бэрхшээл тулгардаг. Гэхдээ анхны бэрхшээлээс няцаж болохгүй. Ажлаа хийхийн тулд, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд олон олон бэрхшээл бидэнд учирна. Тэгэхээр би “Шударга ёс” эвслийг эхнийхээ бэрхшээл дээр ухрахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа шүү. Үүнийг хэлчихье.

-МАН-ын зүгээс АН-тай хамтарч Засгийн газар байгуулъя гэж хандсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоо сургаар ажиллахаа больё. Албан ёсны санал тэдэнд байгаа бол албан ёсоор тавих ёстой. Байхгүй бол байхгүй гэж үзэх ёстой. Урьд нь АН ямар байр суурьтай байсан, өнөөдөр АН тэр байр суурин дээрээ хатуу зогсч байгаа. Түүнд эргэлзэх зүйл байхгүй.

-АН-ын бүлэг хуралдах чигтэй байснаа яагаад больсон бэ. Мөн Ерөнхий сайд Лондон явах байснаа АН-ын хүсэлтээр хойшлуулсан.Төрийн ажлыг гацаанаас яаж гаргах вэ?

-Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулсан нь үнэн. Яагаад гэвэл “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдах байсан учраас тэд дотоод асуудлаа нухацтай ярилцаг гэж үзсэн. Цаг хугацааны хувьд энэ бол гоомой шийдэх асуудал биш. Бид бүгдээрээ л дотроо асуудалтай. Үүнийгээ ярьж байх учиртай. Тэр утгаараа АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулсан. Гэхдээ шаардлага гарвал манай бүлэг хуралдахад бэлэн байгаа. Ер нь төрийн ажил гацах ёсгүй. Ерөнхий сайд С.Батболд олимпод явах ажлаа хойшлуулсан гэх мэдээлэл байгаа. Үүнийг би зөв шийдвэр болжээ гэж бодож байна. Бид шинэ Засгийн газраа маш хурдан бүрдүүлэх ёстой. Хүлээгдэж байгаа ажил маш их байна. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг байдаг. УИХ бүрдээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Ард түмэнд хүлээлт байна. “Төр нь төр шиг яваасай. Засаг нь хурдан эмхрээсэй” гэсэн асар өндөр хүлээлт байгааг бид ойлгож аль аль талдаа хүндэтгэж үзэх ёстой. Яг үүнтэй адил АН-тай хамтарч байгаа “Шударга ёс” эвсэл ч гэсэн энэ талд байгаа гэдэгт ерөөсөө эргэлзэхгүй байгаа.

-Энэ долоо хоногт чуулган хуралдах уу. Байнгын хороодоо нэмж байгуулах болов уу?

-Чуулганы хуралдааныг хийнэ.

-Ерөнхий сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хэзээ өргөн мэдүүлэх вэ?

-Энэ долоо хоногийн эхээр гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өнөө маргаашийн нөхцөл байдлыг харж байгаад шийднэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж