Д.Баттулга: Нийслэлийн ЗД-ыг яаралтай батламжлахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Д.Баттулга: Нийслэлийн ЗД-ыг яаралтай батламжлахыг хүслээ

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг томилуулахаар санал нэгтэй баталсан юм. Харин энэхүү тогтоолыг НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын захирагчид нэр дэвшигч Э.Бат-Үүл нар Ерөнхий сайд С.Батболдод өргөн мэдүүллээ. Тэд Ерөнхий сайд С.Батболдод хандан тогтоолыг цаг алдалгүй батламжилж нийслэлийг шинэ удирдлагатай болгож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талд анхаарлаа хандуулж өгөхийг хүссэн байна. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас дараах тодруулгыг хийлээ.

-Хотын даргад нэр дэвшигчийг тодруулахдаа ямар шалгуур нөхцөл тавьсан бэ?

-НИТХ-ын сонгуулийн үеэр манай Э.Бат-Үүл нийслэлийн сонгуулийг удирдаж оролцсон. Мөн эл сонгуульд намын нэрээр нэгдүгээрт жагссан байсан. Тэр үед манай намынхан Нийслэлийн сонгуульд Ардчилсан нам ялбал Э.Бат-Үүлийг хотын даргад нэр дэвшүүлнэ гэж мэдэгдэж байсан. Сонгуулийн дараа Нийслэлийн Ардчилсан намын хороо хуралдаж, Э.Бат-Үүлийг 100 хувийн саналаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байсан. Энэ хүрээндээ асуудлыг орууллаа.

-Ерөнхий сайдад хотын даргыг яаралтай батламжлахыг хүссэн гэсэн. Ерөнхий сайд ямар хариу өгсөн бэ?

-Өргөн барьсан хурлын тогтоолыг аваад “Аль болох хурдан шийдье” гэсэн. Бидний хувьд Засаг даргыг нэн яаралтай томилох батлах шаардлагатай байна, өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэх ажил, хөрөнгө оруулалт гээд тодорхой ажлуудыг шуурхайлах ёстой байгаа. Цаашдаа нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтэц, агентлаг, улсын үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалт Засгийн газраар батлагддаг. Ингэсний дараа тодорхой бүтцийн өөрчлөлт хийнэ. Хамгийн гол нь дээрээ УИХ эе эвийг хичээгээд Засгийн газар, Ерөнхий сайдаа томилох нь улсын болоод нийслэлийн эрх ашигт нийцэх юм гэдгийг энэ дашрамд улстөрийн намуудад хэлмээр байна. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд энэ ажилд эх орныхоо эрх ашгийг өмнөө тавьж үүрэгт ажилдаа идэвхитэй орж шийдээсэй гэж хүсэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж