-Хамгийн гол нь нийслэлийн иргэдийн маань 70 шахам хувь нь оршин сууж буй гэр хороолол руу инженерийн шугам татаж, гудамжуудаа гэрэлтэй, засмал замтай болгоно. Айлын хашаан дахь газрыг ногоон байгууламж болгоно. Мөн гэр хорооллын дунд цэцэрлэг, сургууль барих санаатай байна. Энэ бүх зүйлийг дахин төлөвлөлт хийж гүйцэтгэх ёстой. Дахин төлөвлөлт хийхийн тулд оршин суугчидтай зөвшилцөх шаардлагатай. Бид иргэдтэйгээ хэр хурдан хугацаанд зөвшилцөж чадна, төдий хугацаанд гэр хороололд амины орон сууц барьж чадна.
-Гэр хороолол руу тэр дундаа айл болгоны хашаа руу инженерийн шугам татах нь асар их зардал гарна. Түүний оронд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх нь илүү амьдралд буух байсан гэж инженерүүд ярьдаг. Дээр нь гэр хорооллынхон амины орон сууцанд амьдарлаа гэхэд шугам хоолойд нь гэмтэл гарахад түүнийгээ хэрхэн засуулах вэ гэдгээс эхлээд зардал өндөр гарч, түүнийгээ төлж чадахгүй хэсэг нь бүр нүүрс түлж амьдардгаасаа цааш юм болж мэднэ гэж болгоомжлох иргэд бий?
-Энэ бол сэтгэлгээний хоцрогдлын илэрхийлэл. Жишээ нь, тэр инженерүүд нэг юмыг ойлгохгүй байна. Ухаандаа хэвтээ чиглэлд татсан инженерийн шугам тухайн айлынхаа газрыг үнэтэй болгодог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг сая төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан газарт инженерийн шугам тавигдангуут үнэ нь 10, 20, 30 дахин нугарч өсдөг. Энэ нь инженерийн шугам иргэдийнхээ үл хөдлөх хөрөнгийг үнэтэй болгодог гэдгийг л хаа хаанаа ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хоёрдугаарт нь, гэр хорооллын СӨХ-ны төлбөр, эвдрэл заслын тухай ярьж байна. Мэдээж хэрэг 60 айлыг нэг инженерийн шугамд холбовол зардал нь өндөр өртөгтэй гарна. Харин 200 айл нэг инженерийн шугамд холбогдох юм бол өртөг нь гурав дахин буурна. Өөрөөр хэлбэл, тэр инженерийн шугамд хэчнээн айл холбогдож байгаа юм бэ гэдгээс л үнэ төлбөр шууд шалтгаална л даа. Аль болох иргэдээ үнийн дарамт учруулахгүй байх тэр боломж нөхцлийг судалж, инженерийн шугамд холбох ажлыг гүйцэтгэнэ. Төр ийм ажлыг хийх ёстой байхгүй юу. Иргэд маань харин өөрсдөө санаачилгатай байж, амины орон сууцанд амьдрахын төлөө хөдөлмөрлөх ёстой. Ажилгүй иргэдийг төр мөнхийн тэжээж амьдарна гэж байхгүй шүү дээ.
-Гэхдээ гэр хороолол руу инженерийн шугам татна гэдэг яриа нь эргээд байшин хашааны үнийг хөөрөгдөж, тэр тусмаа орон сууцны үнийг тэнгэрт гаргах шалтгаан үүсгээд байгаа юм биш үү. Амины орон сууц гэдэг үлгэрээс болоод байшин хашааны үнэ дийлдэхээ болилоо гэж ярих юм иргэд?
-Наад яриа чинь худлаа. Яагаад гэвэл иргэд халуун, хүйтэн ус гэрээсээ авчихдаг, халаалттай амины орон сууцтай болсноор нийтийн орон сууцны үнэ буурч эхэлж байгаа байхгүй юу. Тийм учраас нийтийн орон сууц барьж, асар их хэмжээний ашиг хийдэг компаниуд дургүйцээд байгаа хэрэг. Иргэд амины орон сууц руу хошуураад ирэхээр нийтийн орон сууц руу орохгүй ш дээ. Нэг ёсны нийтийн эзэмшлийн орон сууцны эрэлт буурна. Түүнд барилгынхан бачимдаж ийм буруу зөрүү юм яриад байгаа хэрэг.
-Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?
-Нийслэлийг утаанаас салгах цорын ганц арга зам нь гэр хорооллыг дулаантай болгох явдал. Гэр хорооллыг гал түлэхийг нь зогсоох ёстой, өөр арга зам байхгүй. Хайгаад ч олдохгүй. ЖАЙКА-гийн судалгаагаар Улаанбаатар хот дахь өвлийн ид оргил үеийн утааны 90 хувь гэр хорооллын яндангаас гарч байгаа нь тогтоогдсон. Дулааны цахилгаан станцаас ялгарч байгаа утаа бол нийт утааны ердөө 10 орчим хувийг эзэлдэг. Хэрвээ гэр хорооллыг дулааны шугамтай холбоод, гал түлүүлэхгүй болчихвол утааны 90 хувь байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шуурхай орох ажлын маань нэг яах аргагүй энэ л дээ. Болж өгвөл энэ жилдээ багтаагаад нөөц бололцоогоо ашиглан утааны голомт болчихоод байгаа тэр хэсэг рүүгээ яаралтай орно гэсэн бодол бий.
-Гэр хороолол руу инженерийн шугам татъя гэхэд өнөөгийн Дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэх үү, хүнд л юм дуулддаг?
-Одоо байгаа Дулааны цахилгаан станцуудын эх үүсвэрийн хүчин чадал бол хүрэлцэхгүй. Тэгэхээр хэсэгчилсэн дэд бүтцүүдийг бий болгох ёстой. Жишээ нь тусдаа бага оврын станц, бохирын бага оврын станц гэх мэтчлэн. Мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд нийтийн төвлөрсөн гэдгээс илүүтэй жишээ нь 20 мянган айлыг дулаанаар хангах чадалтай бага оврын дулааны станцыг эхлээд ашиглах нь тохиромжтой гэж зөвлөдөг. Орон нутгийн хөрөнгө оруулалт нь 1.5 тэрбум төгрөг, тийм бага мөнгөөр бид 20 мянган айлыг дулаантай холбож болно. Эхлээд хэсэгчилж холбоно, дараа нь шинээр баригдсан нийт сүлжээнийхээ эх үүсвэртэйгээ холбоход амархан шүү дээ.
-Барилгын материалын зах, техникийн захыг нийслэлээс гаргах асуудлыг одоогийн нийслэлийн удирдлагууд ярьж байсан ч хэрэгжүүлж чадаагүй. Та харин үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Эдгээр захыг Улаанбаатар хотоос зайдуу гаргах асуудал нь зах дээр хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг гэсэн яриа байдаг. Ер нь бол захуудыг алсдаа хотоос гаргах нь зөв. Гол нь захыг хотоос гаргах үйл ажиллагаа нь иргэдийн амьжиргаанд цохилт өгч, нөлөөлөхгүй байх ёстой. Ийм шилжилтийг зөв хийх ёстой. Зах гэдэг нэр томъёо чинь захдуу байрладаг байснаас л үүдэлтэй юм шүү дээ. Дэлхий нийтээрээ тийм. Манайд харин одоо зах нь хотын төвдөө байршилтай болчихсон болохоос биш. Анхнаасаа ч хотын төвд байгуулсан хэрэг биш л дээ, тухайлбал, Дэнжийн 1000-ын зах чинь хуучин нийслэлийн захад л оршиж байсан. Хөгжил хөдөлгөөн, энэ их нүүдэл суурьшилыг дагаад 10 жилийн өмнө зах байсан газар одоо хотын төв болчихоод байна, тэгэхээр Техникийн болоод, барилгын материалын захуудыг нийслэлээс зайдуу зах руугаа байгуулна гэдэг бол зарчмын асуудал. Ойрмогхон би хотын хэмжээнд зах эрхэлж байгаа менежмэнтийн багтай ярилцана гэж бодож байгаа. Ид өвлийн хүйтэнд наймаачид задгай зах дээр худалдаа эрхэлж байна, яагаад хөрөнгө оруулахгүй байна вэ. Захын эздийн ашиг асар өндөр байдаг, яагаад худалдаа эрхэлж байгаа орчин нөхцлийг сайжруулахад хөрөнгө оруулахгүй байгаа юм. Энэ асуудлыг бид бас тавина, шаардлага тавина.
-Шинээр эмхлэгдэх Засгийн газар хэр урт удаан настай байх бол. Засгийн газарт хамтрахаар Ардчилсан намтай гэрээ байгуулаад байсан “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл задарч болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаяр даргад дөрөв хүртэл жилийн ял өглөө гэдгээс болж?
-Би бол Засгийн газрын ирээдүйн насыг хэлж мэдэхгүй байна. Яаж ажиллахаасаа л бүх зүйл шалтгаална. Муу ажиллавал удаан настай Засгийн газар байж чадахгүй. Сайн ажиллавал урт настай Засгийн газар байж чадна. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээж авсан хүмүүсийн ажлаас л шалтгаална, бүх юм.