Орчин цагийн шилдэг спринтер Усаин Болт Лондонгийн олимпийн 100 метрийн гүйлтэд аваргалж, “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэх статусаа баталлаа. Олимпийн наадмын өмнөхөн гэмтэл авч, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн тэрбээр 9.63 секундын амжилт үзүүлж, аваргын тавцанд гарчээ. Харин түүний нутаг нэгт, дэлхийн аварга, Ямайкийн тамирчин Йохан Блейк мөнгө, АНУ-ын Жастин Гатлин хүрэл медаль хүртсэн байна.
Усаин Болтын шигшээ уралдаанд үзүүлсэн 9.63 секундын амжилт нь олимпийн наадмын шинэ рекорд байсан, гэхдээ түүний “амласан” дэлхийн рекордыг эвдэхэд 0.05 секундээр илүү байв. Шигшээд уралдсан найман тамирчнаас долоо нь 10 секундээс бага хугацаанд бариалсан, харин Ямайкийн Асафа Пауэллийн амжилтад гэмтэл нь нөлөөлж, 11.99 секундэд барианд оржээ. Хэрэв гараагаа сайн хийж чадвал 100 метрт 9.4 секундын амжилт үзүүлэх боломжтой гэгддэг Усаин Болт уралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Эхний шатнаас шалгарсны дараа өөртөө итгэсэн. Гараанаас гарахдаа бага зэрэг санаа зовж байлаа. Дахин гараанд алдаа гаргахгүйг хүсээгүй, тиймээс ч бага зэрэг хоцорч гарсан байх. Дасгалжуулагч маань намайг гараанд санаа зовоод хэрэггүй. Чиний хувьд хамгийн чухал хэсэг нь төгсгөл гэж хэлсэн. Тэр ч үнэхээр үнэн байлаа” хэмээн ярьжээ.
Олимпийн шигшээ уралдаанд Болтын хамт өрсөлдсөн Блейк 9.75 секунд, харин Гатлин 9.79 секундын амжилт үзүүлж, хоёул хувийн дээд амжилтаа шинэчилсэн бол нэгэн цагт ойрын зайд ноёрхож байсан АНУ-ын Тайсон Гей 9.80 секундээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.