Монгол хүүхдүүдийн хамгийн гоё зүүд биелнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Монгол хүүхдүүдийн хамгийн гоё зүүд биелнэ

Танилынх маань хоёр хүүхэдтэй. Тэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 80 гаруй мянган хүүхдийн жишээ. Ээж нь хүүхдүүдээ бүртгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэгийн үүдэнд бүтэн өдөр дугаарлсан ч бүртгүүлж чадаагүй аж. Уг нь тэр өглөө 09:00 цагт очсон гэнэ. 100 гаруй хүн дугаарлачихсан байсан ч найдвар тээн бүтэн өдөр зогссон боловч “Хүүхдийн тоо гүйцсэн. Одоо бүртгэхгүй” гэсэн үгийг сонсоод гэртээ гундуухан харьжээ.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань ийм л өрөвдөлтэй нийгэмд амьдарч байна. Эрхтэн тархтнууд арван цэцэрлэг, гурван сургууль барих дайны мөнгөөр ганцхан ширхэг дүүргийн бэлгэдэл бүтээж наргиж байхад эгэл ардын маань хүүхдүүд зөвхөн зүүдэндээ л цэцэрлэгт явж байна. Бүртгэлээс хоцорлоо л бол танил тал, мөнгө төгрөггүй ядарсан ард иргэд минь хүүхдээ цэцэрлэгт явуулах талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Хотын захын цэцэрлэгүүд дор хаяж 50 мянга, төвийн цэцэрлэгүүд багадаа 100 мянган төгрөгийн хандив нэхэж байхад ядарсан ард түмний минь хэд нь ийм боломжтой билээ. Дээрээс нь хүүхдийн авах ёстой зүйлсийн жагсаалтад арай л нүүрний энгэсэг гэж бичихгүй гээч.

Хүүхдүүд минь хэдий болтол хажуугийн айлын жаалын цэцэрлэгтээ явахыг атаархангуй харцаар харсаар, нүдэндээ нулимстай хоцрох болж байнаа “том” дарга нар минь. Тэд хаяахан хажуугаар нь явж өнгөрдөг цэцэрлэгээ шороогоор хийж төсөөлөн сууна. Дээрх танилын маань хүүхэд “ээжээ би цэцэрлэгт явж байна гэж зүүдэллээ” гэсэн гэж сэтгэл шимшрэн ярьж байсан. Жил бүр л цэцэрлэг нэмж барина, тэдэн төгрөг шаардлагатай гэсэн бэлэн ам гардаг. Өнөө жил 40 цэцэрлэг нэмж барих талаар БСШУ-ны барилга захиалагчийн ажлын албаны инженер З.Цэндзаяа хэлсэн. Энэ оны сүүлч гэхэд бариад дуусах юм гэнэ лээ. Саяхан л зургаан сарын 1 болж хүүхэд багачуудын амралт эхэлж байсан бол 20 гаруйхан хоногийн дараа цэцэрлэгтэй үлдэх үү, хоосон хоцрох уу гэдгээ шийдэх болж. Ямартай ч оны сүүлч гэхэд 40 цэцэрлэг хүүхэд хүлээж авбал ч хүүхдүүдийн хамгийн гоч зүүд биелнэ гэсэн үг. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 197 мянга 46 хүүхдийн 164.2 мянга нь л цэцэрлэгт хүмүүжсэн гэсэн мэдээ байна. Цаана нь 39.8 мянган хүүхэд цэцэрлэг зүүдэлж, мөрөөдөн гуудамжны шороотой найзалж амьдралынхаа бүтэн жилийг өнгөрөөж. “Ах нарын маань амлалт үнэн байгаасай” гэж сайн залбирах хэрэгтэй шүү багачууд минь. Тэгвэл зүүд чинь биелнэ.

Ч.БАТМАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж