Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сая ТЕГ, хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим  асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Түүний мэдээлснээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан асуудлаар ТЕГ эрүүгийн хэрэг үүсгэжээ. ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг  зохисгүй үйлдэл гаргаж салаавч гаргасан гэсэн  үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн гэдгийг гишүүн О.Баасанхүү дуулгасан юм. 

Гишүүн О.Баасанхүү “Салаавч гаргасан обьектив болон субъектив  тал нь юу вэ, хохирол нь  юу вэ гэдэгт гайхаж байна. ТЕГ-ын үндсэн чиг үүрэг бол үндэсний аюулгүй байдлын чиглэлээр голлон ажиллах учиртай.  Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр салаавч гаргаснаар үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлсөн талаар ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатартай уулзахыг хүссэн боловч ээлжийн амралтаа авсан гэлээ.  Тус газрын ажилтан  н.Бат-Эрдэнэтэй уулзах санал тавьсан боловч завгүй гэсэн тайлбар өгсөн.

Энэ асуудал Ц.Шинэбаяр гэдэг хүнтэй ч холбоотой юм биш. “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэсэн агуулгатай Эрүүгийн хуулийн 230 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг салаавч гаргасан гэдэг асуудалд хэрэглэж байгаа нь ичмээр. Монгол төр ийм болтлоо доошоо орсныг би эсэргүүцэж байна” гэлээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж