
1. Дуртай ажлаа хийдэг хүн хамгийн их амжилт гаргадаг тухай та сонсож байсан уу? Магадгүй та дургүй ч гэсэн одооны ажлаа хийхээс өөр аргагүй байж болох юм. Тэгвэл өөрийгөө итгүүлэх арга танд тус болно. Та ажлынхаа сайн талыг олж хар, аль болох сонирхолтой аргаар хий, тэгээд ажилдаа дуртай гэж өөртөө итгүүл. Тэгээд ч нэмэргүй байгаа бол та ажлаа соль. Эрсдэлээс айж хамаг насаа дургүй ажилдаа зарцуулах хэрэггүй. Хүчээр хийсэн ажлаас олигтой үр дүн яавч гарахгүй.
2. Өөрийнхөө чадварыг шударгаар үнэлэх хэрэгтэй. Хэдий дуртай ч та хийж чадахгүй ажил бол та хичнээн зүтгээд амжилтанд хүрэхгүй. Хий дэмий өөртөө гутарч, сэтгэлээр унах болно. Тиймээс хамгийн нэгдүгээр өөрийн авьяас чадвараа жагсаан бич. Юу хамгийн сайн хийж чадах вэ түүнийгээ бод. Энэ жагсаалт урт байх тусмаа сайн. Танд олон сонголт гарч ирнэ. Эцэст нь дээрх гаргасан жагсаалтаа анхааралтай ажиглаж анализ хий. Ингэснээр та өөрийгөө ямар түвшинд, хаана байгаагаа ухаарах болно. Одоо байгаа газраа тодорхойлж чадсан тохиолдолд зорилгодоо хүрэхэд хэдий хол зам байгааг та үнэн зөвөөр гаргаж ирж чадна гэсэн үг.
3. Зөв бодолтой бай. Үргэлж сайн сайхан зүйлийн талаар боддог хүнд зөв энерги цугларч, тэрийгээ дагаад ажил төрөл нь ч бүтэмжтэй байдаг нь бичигдээгүй хууль. Өөдрөгөөр ирээдүйгээ хар. Мөрөөд. Гэхдээ хэмжээ хязгаартай мөрөөд. Өдрийн дийлэнх цагаа хий хоосон мөрөөдлийн ертөнцөд гиюүрч өнгөрөөх хэрэггүй.
4. “Хүн юу ч гэж хэлвэл хэлэг, зорьсон замаараа л яв” хэмээх алдартай үгийг сана. Та заавал бусдад таалагдах албагүй. Бүх хүнд таалагдах гэж салбадай болж хуурамч амьдралаар амьдрах хэрэггүй. Энэ мөн таны ажилд ч хамаатай. Өөрөө тийм ч их дуртай биш мөртлөө бусад хүмүүс гоё гэж ярьдгаас болж ажлаа сонгох гэж байгаа бол та алдаа хийж байна гэсэн үг. Өөрийнхөөрөө бай. Мөн бусдад таалагдахгүй байх вий гэсэн айдсаасаа болж, өөрийн зорилгоосоо хэзээ ч бүү ухар.
5. Бүү атаарх. Энд нэгэн сургамжит үлгэр ярьж өгье. Нэгэн тосгонд хоёр гэр бүл зэргэлдээ байшинд амьдардаг байж. Нэг нь ихэд баян. Нөгөөх нь ядуу. Гэтэл нэгэн өдөр бурхан ядуу айлд ирээд гэрийн эзнээс асууж гэнэ. “Чамд надаас хүсэх зүйл байна уу. Хажуу айл шигээ баян болохыг хүсч байна уу” гэж гэнэ. Гэтэл өнөөх ядуу эр “Бурхан минь манайхыг эднийх шиг баян болгох хэрэггүй ээ. Харин эднийхийг манайх шиг ядуу болгоод өгөөч” хэмээн гуйсан гэдэг. Энэ үлгэрт гардаг ядуу эр шиг, ядуухан бодолтой бүү бай. Өөрөөсөө илүү амжиот гаргаж буй хэн нэгэнд атаархахын оронд өөрийгөө хурцал, өөрийгөө дайчил.
6. Амархан шантардаг хүн хэзээ ч ургаш ахихгүй. Амжилтын замыг шатаар зүйрлэвэл эхний нэг шатаа даваад шантарч эхэндээ ирдэг хүн зуун удаа эхний шатруугаа дахин дахин гишгэж байхад, тууштай нэгэн 100 дахь шатандаа очсон байна. Тиймээс хайран цагаа үрэн эргэж ухрах хэрэггүй.
7. Алдаа гаргахаас бүү ай. Юу ч хийхгүй байгаа хүн л алдаа гаргадагүй гэсэн үг бий. Алдаанаасаа суралц, сургамж ав. Тэгээд л март. Үргэлж бодож өөртөө хүнд ачаа болгох хэрэггүй.
Н.Наран
Эх сурвалж RealSimple.com