ФИЛА Лондонд их хурлаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

ФИЛА Лондонд их хурлаа хийлээ

FILA буюу Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ээлжит их хурал олимпийн хот Лондонд өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 3-нд болжээ.

Энэ үеэр ФИЛА-гийн Товчоо, 121 гишүүн орны үндэсний холбоодоос санал болгосон 2013-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан байна. Тэрчлэн 2013 оны тэмцээний хуваарийг хэлэлцэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Унгарын Будапешт хотод, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Энэтхэгийн Нью-Делид, Европийн аварга шалгаруулах тэмцээнийг Гүржийн Тбилис хотод, сонгомол болон чөлөөт бөхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнийг Ираны Тегеран хотод, эмэгтэй багуудын цомын төлөө тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн ОХУ-ын Казань хотод болох Зуны универсиад наадмын хөтөлбөрт сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг оруулж, тус бүрийг долоон жингээр явуулах шийдвэр гаргажээ.

Их хурлаар холбооны ФИЛА-гийн Товчооны гишүүдийн сонгууль болж, Стан Зедчик /АНУ/, Ким Ик Ёнг /БНСУ/, Ненад Лаловик /Серби/, Даулет Турлуканов /Казахстан/, хатагтай Наталья Ярыгина /ОХУ/ нарын зургаан хүнийг Товчооны гишүүнээр улируулан сонгосон байна.  Товчооны гишүүнээр дахин сонгогдохоор нэр дэвшсэн Ролли Фернандес /Куба/, Жинжанг Зшоу /БНХАУ/ нарт Өмнөд Америк тив, БНХАУ-д бөхийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж байгааг нь өндөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Мөн Товчооны гишүүнд нэр дэвшсэн Грзегор Брудзински /Польш/, Хадем Азгади /Иран/ нарт талархал илэрхийлсэн байна.

Их хурлын дараа 1972 оны олимпийн аварга, АНУ-ын их сургуулиудын бөхийн түүхэн дэх алдарт дасгалжуулагч Дан Гейбл, ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлийн захирал асан, канадын иргэн Марио Салетинг, 2000 оны олимпийн аварга, канадын иргэн Даниэль Игали, 1968 оны олимпийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн мөнгөн медальт, Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний менежер, францийн иргэн Данэель Робин, эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн 4 удаагийн аварга, норвегийн иргэн Гудрон Аннетта Хой, 1992 оны олимпийн наадмын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, ОХУ-ын иргэн Мнацакян Искандарян, 1970 оноос олон улсын шүүгчээр ажиллаж байгаа, ФИЛА-гийн спортын шүүгч, италийн иргэн Альдо Албанезе нарын нэрийг Бөхийн алдрын танхимд залах ёслолыг зохион байгуулсан байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж