Өгөөш том тусмаа дэмий…

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Өгөөш том тусмаа дэмий…

Юуны түрүүнд хууль хэнд үйлчилдэг вэ гэсэн асуулт тавимаар байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх сэдэвт нээлттэй сонсголоос ийм асуулт гарч ирэв. Сонсгол хууль батлагчдад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бус хуулиа сайтар судлах хэрэгтэйг анхааруулж байна. Тэр ч утгаараа Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ шаардлага хангаж буй эсэх, түүнээс урган гарч буй үр дүн, сөрөг талыг нь харж, хуульд ямар өөрчлөлт оруулахаас илүүтэй хэдэн нөхрийг дуудаж байцаасан болоод өнгөрөв. Хэрвээ тэд үнэхээр холыг харсан бол хэдэн бага авлига авдгийг нь бус том гаруудыг дуудаж авчирах хэрэгтэй байсан гэхгүй байлаа.  
АТГ-т  энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 21 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн байх юм. Тэдэнд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь асуудлыг тавьсан гэнэ. Үүнээс 13 албан тушаалтанд хариуцлага тооцсон хариу ирж, гурван албан тушаалтанд хариуцлага тооцоогүй бол үлдсэн таван албан тушаалтны хариуцлага тооцож хариу ирүүлэх хугацаа дуусаагүй гэнэ. ХОМ нь зөрчилтэй гэх 21 албан тушаалтнаас чухам ямар шалгуур, үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг оруулж ирсэн нь хачирхалтай. Тэдний эгнээнд Дорнод аймаг дахь Гаалийн газрын, нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн, мэргэжлийн хяналтын байцаагч, аймаг, дүүргийн хоёр Засаг дарга болон МИАТ-ын захирал Р.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц гэх мэтийн хүмүүс багтана. Эд илүү их зөрчил гаргав уу эсвэл өөр үндэслэлээр тэднийг сонсголд дуудав уу гэдэг нь хачирхалтай.  
Цухасхан дурдвал байцаагчид хугацаандаа ХОМ-ээ өгөөгүй аж. Харин Засаг дарга Л.Амгалан, Ц.Жанлав, Б.Хурц, Р.Бат-Эрдэнэ нар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн аж. Тэдний заримынх нь талаар АТГ-ын дарга нар хэтэрхий их мэдээлэлтэй төдийгүй хэрхэн зөрчил гаргасан, юугаа нуусан, худал мэдүүлснийг хүртэл мэдэх бол зарим хөрөнгө орлого мэдүүлэгчдийн талаар огт мэдээлэлгүй байх жишээтэй. Л.Амгалан, Ц.Жанлав нарын авлигын талаарх мэдээлэл өнгөрсөн жилээс эхлэн гарч байлаа. Харин Б.Хурц өнгөрсөн жил мөн л Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан төдийгүй үүнийгээ тус газрын дарга Ч.Сангарагчаа хувийн өс хонзонгоор асудалд хандаж байна хэмээн тайлбарладаг. Харин энэ асуудалд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хариулт өгөхөөс татгалздаг нь нууц биш. Р.Бат-Эрдэнэ ч ялгаагүй тус газарт шалгагдаж буй хүн. Ингээд бодохоор тэднийг зүгээр ч нэг сонсголд оруулаагүй байх гэх харыг төрүүлж байна.
Нөгөөтэйгүүр тэднийг ХОМ-ээ хугацаанд нь өгөөгүй, худал мэдүүлсэн учраас хариуцлага тооцох ёстой дээд албан тушаалтнуудаас хууль, журмын дагуу хариуцлага тооцсон гэхээсээ илүүтэй хүн чанар ханхалсан өмгөөлөл дуулдана.   
Тиймээс ч Засаг дарга, байцаагч, дарга, захирал нараа ойлгодог дээд албан тушаалтнууд нь дахиж алдахгүй байхыг сануулан цалингийнх нь 20 хувийг хассан гэх хариулт сонсголын танхимд дуулдаж байв. Зарим нь ХОМ-гээ худал мэдүүлсэн ажилтнаа халаад эргүүлээд авчихдаг юм байна. Тэрийг нь хяналт, шалгалт хийх хязгаартай эрх мэдэлтэй гэдэг АТГ мэдчихээд илтгэлдээ дурдаж байх юм.
Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvсээр төрийн алба дүүрчихэж гэвэл нэг талаар туйлширсан болох ч нөгөөтэйгүүр үнэний ортой үг.
Тиймээс ч хээл хахуультай тэмцэхийн тулд Хууль зүйн сайд, агентлагийн дарга нарын цалинг нэмэх байдлаар авлигаас урьдчилан сэргийлснээс малчинд битгий авлига өг гэж хэлсэн нь илүү үр дүнтэй болчихож.
Дээр дурдсан сонсголын үеэр төр авлигын эсрэг хvчтэй зогсохын тулд хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн цөөнгүй байлаа. Гэхдээ хэн нь ч асуудлын гол санаа нь хуульд биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал гэдгийг огоорохгүй байгаа нь бид үнэхээр тэмцэх гээд байна уу эсвэл… гэх асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байна.
Бор зүрхээрээ бизнес хийж яваа хvн төрийн албан тушаалтнуудаас шуурхай үйлчилгээг шаардаад дургvйцсэн царайг олж хардаг нь байх ёстой гэдгийг нэгэнтээ албан тушаалтнууд нотоллоо. Иргэдийн хуруу хумсаа хугалах шахан байж бүрдүүлдэг татварын мөнгийг төрийн албаныхан хэдэн саяар нь нийгмийн халамж нэрийдлээр авдаг. Авсаныгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгадаг жишээг ч тэндээс харж болохоор байв.
Ер нь төрийн алба нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй болжээ. Үүнийхээ тулд доод албан тушаалтнуудаа хаацайлдаг, түүнийх нь хариуд шан харамж авдаг болсныг ч үгүйсгэхгүй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх ухамсар, ёс зүй гээч хvнийг хvн болгодог ч түүгээр нийгмийн бүхий л асуудлыг зохицуулах боломжгүй учраас хууль байдаг. Харин баталсан хууль нь төрийн албан хаагчдыг дур зоргоороо аашлан, хээл хахуульд автах нөхцлийг бүрдүүлээд байна.
УИХ харин түүнийг “үйлдвэрлэгчид”. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь нийгэмд гологдож, нийгмийг илааршуулах нь байтугай эсрэгээрээ өвчлүүлэх нөхцлийг бүрдүүлчихсэнийг энэ удаагийн сонсгол ямарч гэсэн харууллаа. Тэр дундаа төрийн албан хаагчид нэгэнт баталчихсан чанаргүй хуулиар өөрсдийн бусармаг үйлдлээ халхавчлаж буй нь тодорхой болжээ.
Тиймээс л хууль хэнд үйлчилдэг вэ гэх асуулт гарч ирж байна. Төрийн өндөр албан тушаатнуудад хууль зөөлөрч буудаг бол “багачуудад” хатуухан буудаг аж. Жирийн иргэдэд бүр ч хүнд тусна. Харин бүхнийг хуулиас гадуур шийдээд сурчихсан хүмүүс өөрсдийн мэдэх ёстой зүйлийг мэдэн будилж, АТГ л соёон гэгээрүүлэх ажлаа муу хийсэн учраас л ийм хэл аманд өртлөө хэмээн бусдаар хичээл заалгах тухай хэнэг ч үгүй ярьж сууна. Төрөөс гаргасан хуулийг нэгд нэгэнгүй уншиж судлан, өөрөө төдийгүй өрөөл бусдыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих ёстой хүмүүс бол аймаг, дүүргийн Засаг дарга нар биш гэж үү. Хэрэв Авлигатай тэмцэх хуулийг бүрэн судалж чадаагүй бол эдгээр хүмүүс албан тушаалаасаа сайн дураар огцрох ёстой баймаар. Уг нь тэдний хажууд хуулийн зөвлөх гээд бүхэл бүтэн орон тоо байдаг биз дээ.
Хуулийг хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засч, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлалтай болно. Дархлалгүй бол гаднаас яаж ч нөлөөлөөд нэмэргүй. Үүнтэй адилаар ХОМ-ийг хянан шалгах, хариуцлага тооцох ажлын уялдааг холбоог нарийвчилсан хуулийн нарийн зохицуулалт хийгээгүй тохиолдолд бага насны хүүхдэд ч авлига нүгэл гэж итгүүлж чадахгүй. Өгөөш бага тусмаа үр дүнтэй гэдэг дээ.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж