Айвенхоу TRQ симболоор арилжаалагдана

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Айвенхоу TRQ симболоор арилжаалагдана

“Айвенхоу Майнз” компани энэ сарын 1-ээс эхлэн  “Turquoise Hill Resources” буюу “Оюутолгой ресурс” хэмээн албан ёсоор нэрлэгдэх болсон билээ. Шинээр нэрлэгдэх болсны маргааш өдөр нь компанийн хувьцаа 7,6 хувиар өсч 8,64 ам.доллараар арилжаалагдсан юм. Тус компани нь энэ сарын 8-наас эхлэн Торонто, Нью-Йорк болон Насдакийн хөрөнгийн бирж дээр “TRQ” гэсэн товчлолоор хувьцаагаа арилжаалах тухай албан ёсоор мэдэгдэж байна. 

Компанийн удирдах зөвлөл өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд болсон хагас жилийн хуралданаар компанийн нэрийг өөрчлөх шийдвэрт хүрсэн юм. “Оюутолгой” төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хариуцах Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчидтэй хийсэн зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тохиролцооны нэг хэсэг нь компанийн нэрийг өөрчлөх байжээ.

Рио Тинто өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын ажлыг зогсоохгүйн тулд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг мөн хийж байв. Тухайн үед Рио Тинтогийн нэмэлт санхүүжилтийн гэрээний дагуу “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа салбар хариуцсан зургаан захирал, өндөр албаны дөрвөн гишүүний хамтаар огцорсон билээ. 

Компанийн удирдлагууд Оюутолгойн орд газрын анхны үйлдвэрлэлийг 2012 оны сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Чили улсын Эскондида хэмээх дэлхийн зэсийн томоохон орд газраас тэргүүлэх зорилтыг тавиад буй.

Э.Од, Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж