хүний тэсвэр тэвчээр, хатуужил ямархан болохыг харуулж, Лондонгийн
олимпийн татамигаас мөнгөн медальтай буусан Н.Түвшинбаярыг монголчууд
“баатар” хэмээн өргөмжилж байна. Олимпийн наадмын алт, мөнгөн медалийг
хослуулж, Монголын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон тэрбээр
өнөөдөр эх орондоо хөл тавилаа.
Олимпийн алт, мөнгөн медальтныг
төрүүлж, өсгөсөн буянтай буурлууд болох аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш,
мөн аваргын гэргий н.Оюунбилэг болоод өхөөрдөм хоёр хүү нь монголчуудын
бахархал болсон хүүгээ, ханиа, аавыгаа угтан авсан юм.
Булган
аймгийн Сайхан суманд зусч буй буурлууд хүүгээ тосохоор нийслэлд иржээ.
Эх орон нь, элэг нэгт монголчууд нь олимпийн аваргаараа бахархан омогшиж
байхад энэ гайхалтай тамирчныг төрүүлж өсгөсөн эцэг, эхийн сэтгэл
ямархан байхыг төсөөлж суулаа. “Хүүдээ зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
л гэж захидаг даа” гэж хэлээд хоолой нь зангирч, нулимс мэлтэлзүүлэх
ижийн сэтгэл ямар бахархам санагдав аа.
Н.Түвшинбаяр
аваргын том хүү Манлай нь хоёр нас зургаан сартай гэнэ. Үүрийн зургаан
жингээр аавыгаа тосохоор нисэх буудалд ирсэн дэггүй шар хүүг ойр
дотныхон нь “Найдан гуай” хэмээн өхөөрддөг юм билээ. Өвөөтэйгээ дэндүү
адилхан Манлай хүү хүний, өөрийн гэлтгүй хүн болгонтой эрхлэн тоглож,
нэг харахад ОУХМ С.Мияарагчаагийн энгэрт тэврүүлсэн харагдана лээ.
Харин
бага хүүг нь Мандах гэдэг. Хэдхэн хоногийн дараа нэг ойтой золгох гэж
буй хүү аавыгаа олимпийн татамид барилддаг өдөр хөлд орох анхны алхмаа
хийсэн хэмээн Н.Түвшинбаяр аваргын гэргий бэлгэшээж суусан.
Аваргыг
давж аварга болсон, аваргаа хамгаалахаар алтын дайтай мөнгөн медаль
хүртсэн Н.Түвшинбаяр аваргын гэр бүлд аз жаргал хүсье.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН