Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүрэмт хувцасыг сонгох эрхтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүрэмт хувцасыг сонгох эрхтэй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр ч  чанарын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бид сурагчдын дүрэмт хувцасны стандарт, чанар хяналтын талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмараас тодрууллаа.

-Сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандартад хаанаас хяналт тавих ёстой вэ?

-“Бага, дунд боловсролын тухай” Монгол Улсын хуулийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг эрүүл ахуйн шаардлага хангасан, эдэлгээ сайтай дүрэмт хувцастай болгож, сургуулийн орчин дахь гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалсан ялгаатай байдлыг арилгах зорилгоор 2005 онд БСШУ-ы сайдын тушаал гарсан. Дүрэмт хувцасны стандарт, үнэ өртөг, загварыг тухайн сургуулийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн, сургуулийн зөвлөлөөр батлаж, дүрэмт хувцсаар жигдрүүлэхийг энэ тушаалд заасан. Энэ давуу эрх, боломжийн талаар бүрэн ойлголт байдаггүйгээс эцэг эхчүүдийн зүгээс яамнаас чанар муутай дүрэмт хувцас нийлүүлж байна гэсэн гомдол байнга ирдэг.

-БСШУЯ-наас ямар хяналт шалгалтыг байнга хийх ёстой мэт санагддаг. Захирал мэдэх ёстой гээд л орхихоор асуудал үүсээд байна. Хүүхдийн дүрэмт хувцасаар бизнес хийгчид олширчээ?

-Сурагчийн дүрэмт хувцасны стандарт нормын тухайд  БСШУЯ-наас Суралцагчийн дүрэмт хувцас нь хүүхдийн нас, бие бялдрын онцлогт тохирсон, материал нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, сургуулийн таних тэмдэг бүхий байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нар л хариуцах үүрэгтэй. Дүрэмт хувцсыг чанартай, эрүүл мэндэд хоргүй материалаар хийхээс гадна, нэг загвартай болгож, жил бүр шинэчлээд байх биш монгол хүүхдийн өсөлтийн жишгийн дагуу дор хаяж хоёр жил өмсөж хэрэглэхээр байх ёстойг үйлдвэрлэгч байгууллагууд байнга анхааруулдаг. Энэ үүднээс аж ахуйн нэгж, байгууллага болон суралцагчийн дүрэмт хувцасны материалд тавигдах шаардлага  хангаж байгаа талаар саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын явцад 10 гаруй оёдлын үйлдвэрүүд үнэ хямд материалаар хийдэг нь  сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг тогтоож, хариуцлага тооцохоор болсон.  Хамгийн гол нь тухайн сургуулийн эцэг эхчүүд дүрэмт хувцас нийлүүлэх этгээдтэй чанар стандарт, загвар ямар байх талаар харилцан тохиролцсон гэрээ хийж, хүүхдүүддээ чанартай дүрэмт хувцасаар хангуулах эрх үүргийг хуулиар зохицуулсан байдгийг ойлгох хэрэгтэй.

-Улсын хэмжээнд сурагчдын дүрэмт хувцасны хичнээн үйлдвэр байдаг вэ. Ирэх жил бас л нөгөө чанаргүй давуугаар хийсэн хувцас өмсөх байх даа?

-Улсын хэмжээнд 10 гаруй дүрэмт хувцасны үйлдвэрүүд байдаг боловч ихэнх тохиолдолд дотооддоо үйлдвэрлэх бус гаднаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Яг үнэндээ “Амно”-гоос бусад үйлдвэр гаднаас чанаргүй дүрэмт хувцас нийлүүлдэг нь нууц биш. “Батзүү” компанийг ч гэсэн үүнд хамааруулж хэлж болно. Хамгийн гол нь эцэг эхчүүд л гар бие оролцох хэрэгтэй. Яам хуулиар дүрэмт хувцасыг хэрхэн ханган нийлүүлэх зохицуулалтыг хийсэн. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй байна. Эцэг эхчүүд саналаа гаргаж чанартай давуугаар, загвараа гаргаад жижиг дунд үйлдвэрээр хийлгэх бүрэн боломж байгаа шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд мэддэгүй, мэдсэн ч захирлын үгийг дагах ёстой мэт ойлгосноос энэ асуудал байнга гарсаар байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж