Монгол ухаанд сургах талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Монгол ухаанд сургах талаар хэлэлцлээ

Үлгэр туульс сонсч, оньсого тааж, нар, сар, оддын байдлаар тэнгэрийн аашийг уншиж, эцэг эх, ах дүүсээ энэрэн асрах ёсыг ахмад үеэсээ сурч эх байгальтайгаа хамгийн ойр өсч торнидог, насан туршдаа түүнийгээ дээдэлдэг цөөхөн үндэстний нэг нь монголчууд. Тэгээд ч хэл, соёл, ёс заншил, урлаг, шашин, ёслол хүндэтгэлийн арвин баялаг түүх уламжлалаараа бахархдаг. Гэвч сүүлийн үед дэлхий нийтийг хамарч буй даяаршлын нөлөөгөөр бидний үндэсний бахархал бүдгэрэх вий гэсэн эмзэглэл хэн хүнд төрөх болжээ. Энэ ч үүднээс хүүхэд багачуудыг хар багаас нь үндэсний бахархалтай иргэн болгон төлөвшүүлэхийн тулд ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” гэсэн хичээл оруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигийн төсөл гаргаад байна.
Зарлигийн төсөлд “Ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай” гэжээ. Улс үндэстнийхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёл, бүх шатны боловсролын байгууллагын ажилтнуудад уг төслөөр уриалсан байна. Уг хичээлээр асран энэрэхүйн ёс, байгаль хамгаалах  ахуйн уламжлалт мэдлэг, хүн болж төлөвшихүй ба нийгэмшихүй, бурхан шүтээнтэй холбоотой зан үйл, эв эеийг эрхэмлэхүй, бэлгэдэл зүйн уламжлал, таван хошуу мал, гэр, орон сууцтай холбоотой зан үйл, цаг агаар шинжих, уул овоо тахихын учир, дотоод сэтгэлээ таних, тэнгэр шүтэх, төр ёсоо дээдлэх зэрэг олон талт мэдлэг олгохоор зарлигийн хавсралтад тусгажээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хөтлөн явуулсан юм. Түүнд их, дээд, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрдэмтэн мэргэд, судлаачид, лам хуврагууд оролцлоо. Тэд дор бүртээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм.
МУБИС-ийн багш Д.Өнөрбаян ястан болон үндэсний цөөнхийн соёл нийт монголчуудын соёлд хэрхэн нөлөөлдөг, гаднын шашныг хэрхэн үзэх зэргийг хөтөлбөрт тусгах хэрэгтэй гээд агуулгын давхардлаас болж хамгийн уйтгартай, хүүхэд залхаасан хичээл болохоос болгоомжлох ёстойг анхаарууллаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн багш н.Баттулга зохиолч Д.Батбаяр, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын авьяасаараа гайхуулсан хүмүүсээр хичээл заалгаж болох юм гэж байв. Хэн ч хамаагүй цаг дутсан багшид энэ хичээлийг даатгавал зорилтоосоо хазайж, Христэд итгэгчид түүнийгээ сурталчлаад сууж байж магадгүйг ч үгүйсгэсэнгүй. Багш н.Насанбаяр буддын шашныг амьдралд ойрхон заах ёстой гээд “Хүн ичмээр, арчаагүй амьдрахаас зайлсхийхийг амьдрах ухаан гэнэ. Үүнийг сайн ойлгуулах хэрэгтэй” гэлээ. Тэрбээр орчин хүний оюун ухаан биеэсээ салчихаад байгааг шүүмжилсэн юм. Ахуйгаасаа салж, компьютерт хэтэрхий автсанаас болж цаасан дээр тоо боддог хүн ховордсон, хамаг ой ухаан нь хайрцагт орчихоод байна” гэж тэрбээр нэмсэн юм.
Ардын үлгэр туульс, бий биелгээ, ерөөл магтаал, уртын дуу хуурыг хичээлээс ангид орхиж болохгүйг сануулах хүн байхад шарын шашнаас өмнө бөө мөргөл байсан. Монголчууд эртний уламжлалт мөнх тэнгэрийн шүтлэгээ орхиж болохгүй гэх оролцогч ч байлаа. Харин Их Хүрээ хийдийн хамба Д.Санжаадорж Бурхны шашны хүмүүжлийг тухайн сурагчийн нас биеийн онцлогоос шалтгаалан дэс дараатай олгож байх хэрэгтэй хэмээгээд өөрийн гаргасан хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдод гардуулсан юм.
Хичээлийг Монгол ухаан, Монгол боловсрол гэж нэрлэе гэсэн саналууд ч хэлэлцүүлгийн үед гарлаа. Ер нь ийм хичээл байх нь хүүхдийн ёс зүй, хүмүүжлийн төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Нэг үе сургууль бүрийн дэргэд байсан ёс уламжлалын өргөөг сэргээж монголчуудын гэрт аж төрөх ёс, зан заншил, ах захаа хүндэтгэх ёсонд сургах нь зөв гэсэн санал ч гарлаа. Харин хичээлийг хүн хүмүүжүүлэхэд зориулахаас бус, шашны нөлөөнд автуулах байдлаар зохион байгуулж болохгүйг олон хүн сануулсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж