Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Монгол хэлний сул хэмээх үг чамгүй олон утга агуулгыг илэрхийлдэг. УИХ-ын хувьд сул гишүүн гэдэг үг аль нэг бүлэгт харьяалагддаггүй “чөлөөтэй” эрхмүүдийн нэршил болон тогтсон. Өөрөөр хэлбэл, аль нэг бүлэгт хамааралгүй бие дааж нэр дэвшсэн гишүүдийг ийн нэрлэж байв даа. Гэтэл энэ жилийн парламентын хувьд бөөн бөөн сул гишүүд төрөн гарах магадлал үүсээд байх шиг. 1996 оноос хойш ялагдал хүлээж үзээгүй байсан МАН-ынхан өнөөдөр УИХ-д бүлэг байгуулах эрхээ “таслуулчихсан”, Тусгаар тогтнолынхоо ордондоо тусгаар тогтнон сууна. Хэдийгээр тэд янз бүрийн тайлбар гаргалгаа хийхийг оролдож байгаа ч гэсэн УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор багтаан намын бүлэг байгуулах хүсэлтээ өргөн мэдүүлсэн байх ёстой гэсэн хуулийн заалтаар “таслагдаад” байгаа.

Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ыг даргалж байхад 2006 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн нэгд “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын тухай хуулийн 26.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гэж заасан хууль хар дээр цагаанаар дурайж байгаа. УИХ-ын даргын томилгоогоор маргаан дэгдээж байх зуур энэ хугацаагаа өнгөрөөчихсан МАН-ынхныг одоо бие даагч гурван гишүүн “Манай зөвлөлд нэгдэе гэвэл найрсгаар хүлээж авна” гэж даапаалж байгаа.

УИХ-ын 2004 оны сонгуульд хамтарч орсон “Эх орон-Ардчилал” эвсэл парламентад орсон хойноо хагас жил ч наслалгүй тарж, сул гишүүд болдгийн даваан дээр тэр цагийн МАХН-ын “62-ын бүдүүн бүлэг”-т толгой хавчуулж нэг үзээд, дараа нь тэндээсээ гарч зөвлөл болж нэг үзсээр бүрэн эрхээ дуусгасныг эс тооцвол өмнөх парламентууд ийм олон гишүүд “сулдаа ганхах” магадлал тодорч гарч ирсэн түүх үгүй. 2004 онд “62-ын” бүлгээс гарсан Ардчилсан намын гишүүдийн Зөвлөл нь эрх мэдэл гэх юмгүй, сул гишүүд болж дууссан даа. Өнөөдөр харин 25 гишүүнтэй магадгүй дахиад ч маргаантай байгаа Өвөрхангай хоёр, дахин сонгууль явуулах нийслэлийн хоёр тойрогт найдлага тавьж байгаа МАН-ынхан бие даагчдын зөвлөлд дагаар орох уу, эсвэл цугаараа сул гишүүн болох уу гэсэн эргэлзээтэй асуулт тавигдаж байна.

Дээр цухас өгүүлсэнчлэн сул гэдэг үгийг утгийг дахиад нэг санацгаая. /Зөвлөлд нэгдсэн ч энэ нь хууль журмын дагуу төдийлөн эрх мэдэлтэй субьект болж чадахгүй/. Угаас сонгуулийн зорилго бол ялалт байгуулж, засгийн эрх авах, өөрөөр хэлбэл аль болох олон суудалтай улстөрийн субьект болох явдал. Хэдийгээр чадалтай байсан ч сул гишүүдийн үг төрийн бодлого шийдвэрт тусгалаа олж чаддаггүйг бие даагчид ч хэлдэг, жирийн иргэд ч сайн мэддэг болсон цаг.

Гэтэл дээрээс нь гацаж ядаж байгаа Монголын улс төрийн амьдралд бас нэгэн эргэлзээ гарч ирсэн нь төсөрхөн байгуулсан Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ийн эвсэл тарж бутрах уу гэсэн асуудал дэгдээд байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноохын өмнө “Улстөрийн хэлмэгдүүлэлт давтагдах юм бол эвслээс татгалзана” гэсэн сүрдүүлэг дайсан “Шударга ёс” эвслийнхэн одоо ямар ааш аяг гаргах нь тодорхойгүй. Өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж гомдол тавихдаа ч “Шударга ёс” эвслийнхэн салаа утгаар ойлгож болохоор бүрхэгдүүхэн мэдэгдэл хийсэн байна лээ. “Шударга ёс” эвслийнхэн Ардчилсан намтай эвсэхээр долдугаар сарын 25-нд гаргасан тогтоолоо барина гэсэн санааг илэрхийлсэн ч хамтран эвсэгч болох МҮАН хар цагаан үг дуугарсангүй.

Хэрвээ “Шударга ёс” эвслийнхэн АН-тай хамтрах тохиролцооноосоо буцаж булзах юм бол энэ парламентын үхрийн бөөр шиг цоохор төрх бүр ч бүрхэг болох магадлалтай. Гурван бие даагчийн зөвлөл, 25 сул гишүүн, “Шударга ёс” эвслийн 11 /одоогоор Ц.Оюунбаатар хараахан тангаргаа өргөөгүй байгаа/ гээд тооцоолох юм бол 39 гишүүн сулдаа ганхаж, сонгуулиар гарч ирээгүй баттай олонх болох юм бол Монголын улстөрд ямар гээчийн дүр зураг нүүрлэх юм бол оо?

Дээр хэлсэнчлэн аль нэг нам эвсэл олонхи болно гэдэг сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн биелүүлэх ганц зорилгоо биелүүлэх боломж нь хангагддана. Харин хаана хэнд харьяалагдах нь мэдэгдэхгүй цоохор бүлэглэл улстөрийн баттай субьект болно гэдэг харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болох нь тодорхой. Гэхдээ сонгуулиар олонх болсон нам болон бусад нам, эвслүүд үг хэлээ ололцон Засгийн газраа яаралтай байгуулан дараа, дараагийн ажлаа эмхлэх ард түмний хатуу хүлээлт шаардлага байгаа болохоор Монголын улстөрд эргэлзээ үүсгээд байгаа энэ мэт асуудлууд удахгүй шийдэгдэнэ байх гэж найдацгаая. Өөр гарц, ухрах зам үгүй билээ, монголчуудад.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж