Олимпийн баатрууд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Олимпийн баатрууд эх орондоо ирлээ

Алдрын оргил өөд бартаа бүхнийг туулж, дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн олимпийн тамирчдыг давж, дийлж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан олимпийн баатрууд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөж, -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 73 кг-д хүрэл медалийн эзэн болсон ОУХМ С.Ням-Очир тэргүүтэй жүдогийн баг тамирчид өнөөдөр 06.00 цагт эх орондоо газардсан юм. БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, хэвлэл, мэдээллийнхэн, спортод элэгтэй монголчуудаас гадна хамгийн эрхэм хүмүүс болох Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарын гэр бүлийнхэн олимпийн баатруудаа угтан авсан юм.

Монгол Улсын олимпийн түүхэнд анхны хос медальтан болсон Н.Түвшинбаярын аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш, гэргий н.Оюунбилэг, өхөөрдөм хоёр хүү нь монгол түмний бахархал болсон хайртай хүү, халамжит хань, аавыгаа угтан авлаа.

Мөн олимпийн медальтныг төрүүлж өсгөсөн С.Ням-Очирын аав Сайнжаргал гуай, ээж Г.Пагма, бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрсөн түүний гэр бүлийнхэн ирж, торгон агшныг нь хамт хуваалцсан юм.

Эх орондоо газардмагц сэтгүүлчидтэй уулзсан тэд нисэх буудлаас гараад гэр гэрийн зүг зорьсон. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.





С.ЦЭЛМЭГ
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж