"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Л.Отгонбаяр дөнгөж сая барианд орлоо. Прагийн марафоны топ 10-т багтсанаар олимпийн замд хурдлах эрхтэй болсон тэрбээр марафоны үндсэн зай болох 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаарт бариалжээ. Л.Отгонбаяр эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан бөгөөд тэргүүлэгч тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорч барианд орсон байна. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ.
Олимпийн марафон гүйлтийн тэмцээнд нийт 118 тамирчин гараанаас гарч уралдсанаас Этиопийн тамирчин Тики Гелана 2:23:07 цагийн амжилт үзүүлж, олимпийн рекорд эвдэн түрүүлсэн байна. Түүний араас Кенийн Приска Жепту /2:23:13/, ОХУ-ын Татьяна Петрова Архипова /2:23:19/ нар бариалж, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уралдааны явцад нийт есөн тамирчин замын талаас уралдааныг орхижээ.
"Лондон-2012" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, Гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцоно.