УИХ-д олон суудалтай болж хамтарсан Засгийн газар байгуулахаар ажиллаж буй АН-ынхан одоогийн байгаа яамдыг нэлээд хэдээр нэмэх шийдвэр гаргасан нь зарим талаар шүүмжлэл дагуулаад буй. Гэхдээ ямар шалтгаанаар яамдын тоог нэмэх гэж байгаа талаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараах тайлбарыг өгч байгаа юм. Тэрбээр яамдын тоог нэмэх болсон шалтгааныг тайлбарлахдаа “Соёлын салбар өдийг хүртэл дайвар маягаар явж ирсэн. Үүнийг салгаж тусдаа бүтэц болгон шийдвэрлэх нь монгол хүн, Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яам маш нүсэр. Нүсэр том төслүүд хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулалтын багтаамж их. Өнөөдөр эрчим хүчний бодлогыг тусад нь салгаж үзэх цаг болсон. Уул уурхай тусдаа байх ёстой.
Нийгмийн халамж, хөдөлмөр бол өөр өөр асуудал. Хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж ядуурлыг бууруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийг тусад нь авч үзэх ёстой. Ажлын байр, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, мэргэжлийн сургалт зэргийг Хөдөлмөрийн яаманд харьяалуулж тусад нь авч үзэх цаг болсон. Үүнийг нийгмийн халамж, хамгаалалтай хамт социалист маягаар үзэж ирснийг болих хэрэгтэй. Ажилгүйдлийг бууруулах асуудлыг халамжтай хамт шийдэж болохгүй. Энэ мэт шалтгаанаар цөөн яам нэмэх шаардлагатай. Ингэснээр орон тоо тэгтлээ нэмэгдэхгүй” гэжээ.
Д.ОЮУН