Төмөр замын даргыг солихыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Төмөр замын даргыг солихыг эсэргүүцэв

Шинэ Засгийн газар байгуулах ажил эхлээгүй байгаа энэ өдрүүдэд одоо ажиллаж буй Засгийн газрын гишүүд янз бүрийн тушаал шийдвэр гаргасаар байгаа. Түүний нэг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн Төмөр замын даргыг солих тухай тушаал аж.

Ц.Дашдорж сайд Төмөр замын дарга Т.Очирхүүг “Тэтгэврийн насанд хүрсэн” гэсэн шалтгаанаар солих шийдвэр гаргасан ажээ. Гэвч Т.Очирхүү дарга хараахан тэтгэврийн насанд хүрээгүй, мөн бүрэн эрхийн хугацаа нь 2013 онд дуусах юм байна. Хэрэв одоо Т.Очирхүү даргыг сольбол УБТЗ-ын хувь нийлүүлэгч ОХУ-ын тал шууд орос дарга тавина гэдгээ мэдэгджээ. Энэ нь Монголын талд ач холбогдолгүй болох тул Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс Ц.Дашдорж сайдын шийдвэр буруу гэсэн мэдэгдэл хийж, шаардлага илгээгээд байгаа юм байна. Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнийн мэдэгдсэнээр Оросын талаас Монголын талд ирүүлсэн албан тоотдоо “УБТЗ-ын дарга Т.Очирхүүг солих эсэх нь дан Монголын талын эрхийн асуудал биш. Солиход хүрвэл есдүгээр сард болох хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ. Хэрэв Т.Очирхүү даргыг соливол дүрэмд заасны дагуу бид орос дарга тавина” гэсэн хатуу мэдэгдэл хийсэн байна.

Тэгээд ч Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын гишүүний эрх хэмжээнд хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргыг томилох, чөлөөлөх эрхийг тусгаагүй байдаг аж. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны журмын дагуу Т.Очирхүү даргыг 2013 он хүртэл томилжээ. Үүний дараа ОХУ-ын талд даргын эрх мэдэл шилжих юм байна.

Энэ мэтээр “үлдэх” гэж байгаа Засгийн газрын гишүүд эрх мэдлээ хэтрүүлэн шинэ Засгийн газар байгуулагдах хүртэлх сиймхийгээр янз бүрийн ажил хийсээр байх бололтой. Гэвч Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс үүнийг эсэргүүцэж шат дараалсан арга хэмжээ авна гэжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж