Майкл Фелпс олимпийн 18 дахь алтаа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс олимпийн 18 дахь алтаа хүртлээ

Бээжингийн олимпийн баатруудын нэг, усанд сэлэлтийн тамирчин, “Загасан хүн” хочит Майкл Фелпс Лондонгийн олимпийн наадмын өчигдөр болсон 4х100 метрийн холимог сэлэлтийн буухиа уралдаанд түрүүлснээр олимпийн 18 дахь алтан медалиа хүртлээ. Бээжингийн усан замд хамгийн шилдэг нь байж, найман алтан медаль хүртсэн тэрбээр Лондонгийн олимпийн дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа. Ийнхүү тэрбээр дөрвөн олимпод оролцож, 18 алт, нийт 22 медаль хүртсэн агуу түүхэн амжилттай спортын замналаа өндөрлүүлж байна. Тэрбээр “Яг л өөрийнхөө хүсч байсан тэр амжилтаар спортын замналаа үдэж байна. Өнгөрсөн хугацаанд сайн ч, муу ч зүйл байсан. Эцсийн дүндээ би хүссэн амжилтдаа хүрлээ” хэмээжээ.

Буухиа уралдаанд АНУ-ын тамирчид гурван минут, 29.35 секундын амжилт үзүүлжээ. Харин мөнгө, хүрэл медалийг Япон болон Австралийн тамирчид хүртсэн байна.

Майкл Фелпс 15 настайдаа 2000 оны Сиднейн олимпиос гараагаа эхлүүлжээ. Харин дөрвөн жилийн дараа Афины олимпийн наадмаас зургаан алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол Бээжингийн олимпиос найман алтан медалийн эзэн болсон билээ. Харин өчигдөр түүнийг АНУ-ын тамирчдын хамт буухиа уралдаанд түрүүлж, 18 дахь алтан медалиа гардсаны дараа Олон улсын усанд сэлэлтийн холбоо /FINA/-ноос Фелпсийг “Бүх цаг үеийн олимпийн шилдэг тамирчин”-аар өргөмжилжээ.

Майкл Фелпс 400 метрийн холимог, 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд медалийн тавцангаас “мултарч”, хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч Лондонгийн олимпийн наадмаас дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртэж, энэ зуны олимпийн хамгийн “ганган” тамирчнаар шалгарсан билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж