Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Г.Батсүх гэж хэн бэ?

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээ нь үзэглэгдэж оны онцлох үйл явдлын тоонд өрсөлдөгчгүйгээр орсон Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтын ажил ерөнхийдөө эхэлж байна. Энэ ажлын эхлэл нь “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг томилох явдал байлаа. Гэрээний дагуу ТУЗ-д Монголын талыг төлөөлж гурван хүн ажиллах ёстой бөгөөд энэхүү гурван хүний нэр тодрохын өмнө таамаг яриа олонтаа гарсан билээ. П.Очирбат, Н.Багабанди гээд хоёр ч экс Ерөнхийлөгчийн нэр, мөн Г.Батсүх хэмээх дипломатын нэр дуулдаж байсан.

ТУЗ-д орох хүмүүсийн нэрсийг ТӨХ чамгүй нууцалсаны эцэст Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд гэсэн хүмүүс Монголын талыг төлөөлөх болсон.
Гэсэн ч “олны үг ортой” байдаг аж. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг Монголын дипломатч Галсангийн Батсүх тэргүүлэх болсон тухай “Айвенхоу майнз” компанийн орлогч ерөнхийлөгч Петер Мередит уржигдар орой мэдээллээ. Г.Батсүх нь 2001-2005 онд Монгол Улсаас Канадад Элчин сайд, 2005 оноос 2009 он хүртэл БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Сүүлийн арваад жил эх орныхоо хөрсөн дээр хөлөө тавиагүй гэж яригддаг энэ эрхэм “Айвенхоу майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдландыг Монголд анх зуучилсан хүн хэмээгддэг. Энэ хүчин зүйл нь Г.Батсүхийг ТУЗ-ийн даргааг томилогдоход нөлөөлсөн болохыг “Айвенхоу майнз”-ынхан хүлээн зөвшөөрсөн байна.  
“2001 онд “Айвенхоу майнз” компани Монголд ажиллаж эхэлсэн үеэс Г.Батсүх нь тус компанитай нягт хамтран ажиллаж байсан. Тухайн үед Г.Батсүх нь Канад дахь Монголын Элчин сайдаар ажиллаж байлаа. Монголын хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдол бүхий уул уурхайн ордын ашиглалтад гол үүрэг гүйцэтгэх албан тушаалд энэ хүнийг томилж байгаадаа баяртай байна” хэмээн Петер Мередит хэлсэн байна. Ирэх зургадугаар сард төлөвлөгдөөд байгаа ТУЗ-ийн анхны хуралдаанаар Г.Батсүхийг батлах аж.
1992 оноос дипломатчийн карьераа эхэлсэн Г.Батсүхийн товч намтарт аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан тухай дурджээ.
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдээр ажиллах хүмүүсийн нэрсийг жагсаавал Г.Батсүх, дипломатч, Петер Мередит, “Айвенхоу майнз” компанийн орлогч ерөнхийлөгч, Жон Макен, “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч, Сэм Рийгал, “Айвенхоу майнз” компанийн ерөнхий менежер, Уиллиам Вэлд, “Айвенхоу майнз” компанийн бизнесийн зөвлөх,  Андрей Хардинг, “Рио Тинто” компанийн Зэс хариуцсан гүйцэтгэх захирал, 2009 оноос “Айвенхоу майнз” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Нацагийн Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Пунцагийн Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Чулууны Ганболдь ХАС банк болон санхүүгийн “Тэнгэр” нэгдлийн ТУЗ-ийн дарга.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж