Драмын театр “Гамлет”-аар нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Драмын театр “Гамлет”-аар нээлтээ хийнэ

Улсын драмын театр шинэ улирлын нээлтээ ирэх арваннэгдүгээр сард “Гамлет” жүжгээр хийх нь ээ. У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг уран бүтээлчдийн нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд өнгөрсөн хавар нээлттэйгээр тендер зарлан шалгаруулсан юм.  УДЭТ-ын урдаа барьдаг шилдэг таван найруулагч болох Б.Баатар, Б.Мөнхдорж, Ц.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар нар уг тендерт үзэгчид, шүүгчдийн өмнө шударгаар өрсөлдөж, театрын отгон найруулагч Н.Наранбаатар “Гамлет” жүжгийг тайзнаа тавих эрхийг авсан юм. Найруулагч Н.Наранбаатарын төслийн багийн уран бүтээлийг  УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлэх ба 150 сая төгрөгийн өртгөөр эл бүтээл тайзнаа амилах юм. Одоогоор тус театрын уран бүтээлчид амралтаа авсан учир найруулагч маань хараахан гол дүрээ зарлаагүй байгаа. Харин ирэх наймдугаар сарын сүүлээр “Гамлет” жүжгийн гол дүрүүд тодрох нь ээ.

Сонирхуулахад, "Гамлет" жүжгийг анх 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетын дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж