Ирэх хичээлийн жилээс нэгдсэн сурах бичигтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Ирэх хичээлийн жилээс нэгдсэн сурах бичигтэй болно

Жилийн жилд ерөнхий боловсролын ном сурах бичгийн талаар эцэг эхчүүд гомдол гаргадаг.Ирэх хичээлийн жилийн сурах бичгийг боловсруулах багийнхан ажилдаа орсон аж.  Энэ талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Г.Батбаатараас тодрууллаа.

-Нийслэлийн сургууль бүхэн өөрийн гэсэн сурах бичигтэй болсон гэхэд хилсдэхгүй. Хэзээнээс энэ байдал арилж, нэгдсэн нэг сурах бичигтэй болох вэ?

-Урьд нь манай ерөнхий боловсролын системд хувилбартай сурах бичгүүдийг хэрэглэж ирсэн. Тухайлбал монгол хэлний сурах бичиг гэхэд монгол хэл-1, монгол хэл-2 гэсэн ерөнхий агуулга нь адилхан боловч өөр өөр зохиогчтой, хэвлэлийн янз бүрийн компаниар хэвлэсэн сурах бичгийг ерөнхий боловсролын системд ашиглаж байсан. Одоо энэ асуудал цэгцэрсэн гэж хэлж болно. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурах бичиг үндсэн нэг сурах бичигтэй болсон.  Ирэх  хичээлийн шинэ жилээс эхлэн улсын хэмжээнд нэгдсэн нэг номыг хэрэглэнэ. Хувилбартай сурах бичгээр зааж сургаж байсан нь ямар сөрөг нөлөөтэй болох нь гахайн ханиадны үеэр мэдрэгдсэн. сурагчдад орон даяар теле хичээлийг зааж байхад хүүхдүүд манайд энэ хичээл орсон ороогүй гэх мэт асуудал гарч байсан. Шинээр сурах бичиг гаргах нь хэд хэдэн  давуу талтай. Юуны өмнө, эх захгүй байсан олон сурах бичгийг замбараатай болно. Өмнө нь нэг сургуульд сурч байсан хүүхэд өөр сургууль руу шилжихээр дахиад ном худалдан авдаг байсан зовлон арилна. Хоёрдугаарт, сурах бичиг хоорондын уялдааг хангах, агуулгыг нь мэргэжлийн болгох асуудал цэгцлэгдэж байна. Сурах бичгийг мэргэжлийн хүмүүс зохиох ёстой. Түүнээс хэн дуртай нь сурах бичгийг зохиогоод байж болохгүй. Харин төр тухайн сурах бичгийн агуулгыг хянаж, эзэмшинэ. Энгийнээр хэлбэл, сурах бичгийн зохиогчийн эрхийг төр эзэмшинэ гэсэн үг. Үүнийг дагаад  тендер зарласнаар хэвлэлийн үйлдвэрүүдийн сурах бичиг замбараагүй хэвлэдэг байсан байдал цэгцэрнэ.Хэвлэлийн үйлдвэрүүд аль нэг зохиогчтой хамтраад ном хэвлэдэг байсан нь цаанаа сурах бичиг хоорондын уялдаа алдагдахад хүргэж байсан юм. 

-12 жилийн сургалттай болсоноор сурах бичиг өөрчлөгдөх үү. Нэгдсэн сурах бичигтэй болсноор хүүхдүүдийн мэдлэгийг төвшинд ялгаа гарах болов уу. Та нар үүнийг судалж үзсэн үү?

-Ерөнхий боловсролын 11 жилийн сургалтаас 12 жилийн сургалтын системд 2008 оны есдүгээр сараас шилжсэн. Яамнаас сурах бичгийн асуудлыг жигдлэх үүднээс олон ажил хийж байна. Энэ  жилийн гуравдугаар ангийн сурах бичгийг ирэх жил ашиглахгүй учир хэвлэхгүй. Дараа  дараагийн жилд дөрөв, тав гээд 11 дүгээр анги хүртэл нь хуучин сурах бичгээр явуулж байгаад бүр ашиглахаа болих юм. Өөрөөр хэлбэл, 11 жилийн гуравдугаар анги гэж ирэх жил байхгүй болно.  Шууд 12 жилийн сургалттай гуравдугаар ангийнхан залгана. Сурах бичгийн дундаж нас нь 3-4 жил байдаг. Энэ хугацаанд боловсролд ямар нэг хэмжээгээр өөрчлөлт оруулах, нэр томьёо нэмж оруулах зэрэг шинэчлэл хийгдэж байдаг. Тэр хугацаа болтол сурах бичиг хэвээр байх юм. Магадгүй энэ хугацаанд зарим нэг өөрчлөлт орж ирэхийг үгүйсгэхгүй ч, нэгдсэн нэг сурах бичгээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад ашиглана гэж ойлгож болно. Одоо хэрэглэж байгаа өөр өөр зохиогчтой номнууд ерөнхий агуулга нь адил байгаа учир хүүхдүүдэд тэр бүр сөрөг нөлөө үзүүлэхгүй болов уу.

-Сурагчдын сурах бичгийн чанарт ямар байгууллага хяналт тавьж байгаа вэ. Ирэх хичээлийн жилийн сурах бичиг зохиох баг ажилдаа орсон гэж дуулсан.Зохиогч  нарыг ямар сонгон шалгаруулалтаар сонгосон бэ?

-Сурах бичгийн хувьд бол БСШУ-ны сайдын 2009 оны дөрөвдүгээр сард 133 тоот тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох, хэвлүүлэх, түгээх журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу яамны харьяа байгууллага болох Боловсролын хүрээлэн нь сурах бичгийн агуулга, арга зүй, нэгдсэн удирдлагаар хангаж, тухайн сурах бичгийн стандарт хөтөлбөрт нийцэж байгаа эсэх зэрэг бүх хяналтыг хариуцан ажилладаг. Харин яамны зүгээс боловсруулсан эхийг өмчлөх, цаашид хэвлэн нийтлэх, түгээх ажлыг хариуцан, хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн сарын 6-нд сурах бичгийн зохиогч нарын багийг сонгох шалгаруулалтыг сонин хэвлэлүүдээр нийтэд зарласан. Зарласан сурах бичгүүдээр өрсөлдөх зохиогч нар материалаа ирүүлсэн. материалыг сурах бичгийн зөвлөлөөр хэлэлцэж, БСШУ сайдын тушаалаар Боловсролын хүрээлэн гэрээ байгуулан ажлаа эхэлсэн.Нэг ёсондоо сурах бичиг зохиох ажил мэргэжлийн байгууллага зохиогоод эхэлсэн гэж хэлж болно.

-Хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад хүүхдүүдийн ном хэвлэгдээгүй байдаг. Эртнээс эхэлж байгаа учир ирэх жил хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс нэгдсэн сурах бичгээ авна гэж ойлгож болох уу?

-Ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд сурагчдын гар дээр сурах бичиг хүрсэн байх ёстой. Есөн сарын эхний өдөр гэлтгүй найман сардаа багтаагаад бүх сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Сурах бичгийг сурагчдад зарим тохиолдолд төрөөс үнэ төлбөргүй олгох журам хэвээрээ юу. Ирэх жилээс өөр өөр зохиогчтой ном авахыг багш нар шаардах эхгүй болсон гэсэн үг үү?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 12 жилийн сургалтаар хичээллэж буй 1-3 дугаар ангийн сурагчдад сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгохоор заасан байгаа. Тэр л журмаараа л сурагчдад олгоно. Харин дөрөвдүгээр анги 40, таваас дээш анги 60 хувийн сурагчдын номыг төрөөс даана гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн  сургуулийн гуравдугаар ангид нийтдээ 1000 хүүхэд сурдаг гэж үзвэл, тэдгээрийн 40 хувь нь л төрөөс сурах бичгээ үнэгүй авна гэсэн үг юм.
Манай яамны зүгээс нэг зүйлийг хатуу хориглодог. Энэ нь үндсэн сурах бичгээс гадна өөр төрлийн сурах бичгийг сургуулиуд ашиглах, зарахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, “Энэ номыг заавал авах ёстой” гэсэн багш нарын “шахаа”-г бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Мэдээж хэрэг, үндсэн сурах бичгээс гадна ашиглах номтой зарим онцлог сургуулиуд бий. Гэхдээ тэдгээр сургуулийн захиргаанаас ашиглахаар шийдсэн номын үнэ нь эцэг эхчүүдэд дарамт учруулахуйц үнэтэй байхыг бас хориглоно. Энэ бүх асуудлыг багтаасан сайдын журам батлагдаж бүх сургуулийн захиргаанд хүрсэн байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж