Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба өнөөдөр Лондонгийн олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялагдсанаар олимпийн рингийг орхилоо. Сугалаагаар эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр өнөөдөр шөвгийн 16-гийн шатанд Энэтхэгийн боксчин Девендро Сингх Лаишрамтай тоглож, 11-16 (3-4, 2-4, 6-8) харьцаатай ялагдал хүлээв.
Олимпийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс өчигдөр ОУХМ Б.Түвшинбат шөвгийн 16-д Францын тамирчин Алексис Вастинд ганцхан онооны зөрүүтэй ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 52 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт хүчтэй өрсөлдөгч болох Италийн Винчензо Пикардиг ялснаар хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болсон билээ. Харин өнөөдөр П.Сэрдамба эхний өрсөлдөгчдөө ялагдсанаар олимпийн наадмыг орхиж байна.
Өнөө шөнө 04.45 цагт Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд тоглоно. Тэрбээр Маврикийн тамирчин Рикарно Колинтой өрсөлдөх бөгөөд ялбал шөвгийн наймд үлдэж, медалийн төлөө тоглох эрхтэй болох юм.