-Олимпийн наадамд тамирчны биш үзэгчийн хувиар оролцох ямар байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Лондон руу хоёр зочинтой явсны нэг нь би, нөгөө нь Гандантэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай. Нээлтийн ажиллагаа өвөрмөц, олон сайхан сюрпризтэй болсон. Гадны тамирчдыг харахад өөрийгөө энэ дунд явж болох байсан гэж бодогдсон шүү. Өөрийн эрхгүй уйлах гээд байсан. Баярлахын хажуугаар гунигласан (инээв).
-Ямар спортын тэмцээн үзэв?
-Нээлтэд оролцсоны нөгөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзалт хийсэн болохоор Х.Цагаанбаатарынхаа барилдааныг үзэж чадаагүй. Гэтэл ялагдсан. Ерөнхийлөгч дараагийн өдрүүдийн ажлаа зохицуулаад Б.Түвшинбатын тоглолт, С.Ням-Очирын барилдааныг үзсэн. Ерөнхийлөгчийг үзэх бүрт манай тамирчид ялалт байгуулж байсан шүү. Монгол Улсын Шадар сайд, “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар бүгд Ерөнхийлөгчид “Та энд байгаад байвал манай тамирчид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулж болдоггүй юм уу” гэж хошигнож байсан (инээв). Маргааш нь Н.Төгсцогтыг ялуулаад ирсэн дээ. Ерөнхийлөгч Х.Цагаанбаатарыг ялагдсаны дараа олимпийн тосгонд очиж, тамирчидтайгаа чөлөөтэй уулзалт хийж, сэргээсэн нь их нөлөөлсөн.
-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу?
-Тамирчдын тосгонд очихдоо уулзсан. Толгойгоо сэгсэрч байна билээ. Бүр өөртөө итгэхгүй байсан. Ялагдсан хүн хэцүү. Би Монголдоо ирээд барилдааных нь бичлэгийг үзсэн. Цагаанаа үнэхээр илүү байсан. Нөгөөх нь амиа аргацааж байхад улайрч байгаад ялагдсан. Олимп дөрвөн жилд нэг болдог болохоор хатуу юм. Ард түмэн түүнийг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүн бүрт ялагдлын гашуун амтыг мэдрэх өдөр ирдэг. Цагаанаагийнхаа барилдаанд харамсч байна. Гэхдээ тэр хүн ард түмнийхээ өмнө гавьяагаа байгуулсан хүн шүү гэдгийг бид ойлгож, хүндлэх ёстой байх.
-С.Ням-Очирын хүрэл медаль хүртэхийг хараад юу бодогдов?
-Үнэхээр сайхан байсан. Өөрөө авсан юм шиг баярласан. Жүдог сайн мэдэхгүй болохоор юу гэж орилохоо мэдэхгүй байлаа (инээв).
-Тэгвэл боксын тэмцээний үеэр сайн орилсон биз?
-Н.Төгсцогтын Азербайжаны Элвин Мамишжадетэй хийсэн тоглолтыг Ерөнхийлөгч, Шадар сайд, Хамба гуай нарын хамт хүндэт зочдын суудлаас үзсэн. Төгсөө эхний үед нэг оноогоор ялагдахад Ерөнхийлөгч маань сандарч эхэлсэн. Олон улсын төрийн тэргүүн суусан хүндэт суудлаас орилж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Би тэсэхээ байгаад Ерөнхийлөгчид “Ориллоо шүү” гэхэд “Орил орил” гэсэн. Ингээд орилж өгсөн дөө. Бокс мэддэг хүн хажуугаас орилоход рингэн дээр байгаа тамирчинд сонсогддог юм. Дасгалжуулагч хамаагүй хэлж болохгүй, тэгвэл торгуулдаг. Төгсөө миний хэлснээр тоглоод ялсан. “Дөрөв цохь л доо” гэхэд яг дөрөв цохиж, үеийн сүүлчийн 10 секунд явж байхад “Нэг оноо” гэхэд авч байсан. Хамба тэгсэн “Энэ хүүхэд яг мэдэж байна” гээд инээж байлаа. Нэг мэдсэн чинь Ерөнхийлөгч “Сүүлчийн 30 секунд” гээд орилж байсан. Монголчууд маань бүгдээрээ хамт Төгсөөг сайн дэмжсэн.
-Н.Төгсцогт тоглолтын дараа юу гэж байна?
-“Таны яриа их гоё сонсогдсон. Та Монгол руу явахгүй үлдэж болдоггүй юм уу” гэсэн (инээв). Төгсөө маань тэр тамирчинд өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ-д олимпийн эрхийн төлөө тоглоод ялагдсан болохоор би эмээж л байлаа. Би дүүгээ ДАШТ-ээс ирснийх нь дараа “Чи наадахаа хамаагүй илүү ялна аа. Өнгөрсөн жил нутаг дээр нь тоглосон болохоор л ялагдсан. Та хоёр олимпийн наадамд таарна” гэж хэлж байсан нь яг л боллоо.
-Н.Төгсцогт таны адил 79 дүгээр сургуульд суралцаж байсан. Та түүнийг хүүхэд байхад нь таньдаг байв уу?
-“Та ёстой аймар атаман байсан. Бид нар “Энэ чинь нөгөө Бадар-Ууган шүү дээ” гэж ярьдаг байсан” гэж сүүлд Төгсөө надаа ярьж байсан юм. Ер нь манай Шархад чинь боксчдын өлгий нутаг шүү дээ.
-Та “нутгийн дүү”-дээ юу гэж захьдаг вэ?
-“Ах нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа олимпийн аварга болсон. Тиймээс чамд олимпийн аварга болох дутуу байна. Үүнийг сайн бодож бэлтгэлээ хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Жаахан хүүхэд болохоор урмын үг байнга хайрладаг.
-Сая гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзэж амжаагүй юм уу?
-Биднийг Монгол руу ирж байхад Чехийн Зденек Хладектэй эхний тоглолтоо хийж таарсан болохоор үзэж чадаагүй. Манай Мөөгий гурав дахь олимпдоо оролцож буй мундаг тамирчин. Намайг улсын аварга болж үзээгүй байхад л олон улсын тэмцээнд түрүүлж байсан тамирчин шүү дээ.
-Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох БНХАУ-ын Жоү Шиминьтэйгээ нэг зоонд орсон. Энэ тухай юм ярьж байна уу?
-“Гайгүй биз дээ” гэхэд “Гайгүй ээ” гэж байна билээ. Тэмцээний өмнө сугалааны тухай нэг их ярих дэмий байдаг юм. Бокс Англид үндэснийх нь спорт шиг болчихсон. Үзэгчид нь сайн мэддэг юм билээ. Хятадад үзэгчид жаахан сонирхолгүй үздэг. Харин Англид тэс өөр. Улсынх нь тамирчин тоглохгүй байсан ч гэсэн ордон битүү дүүрч, хөлбөмбөг үзэж байгаа юм шиг дэмжиж байсан нь гоё санагдсан. Хоёр тамирчин жаахан зодолдоод ирэхээр алга ташиж, улам улайруулдаг. Их гоё уур амьсгалтай байсан.
-Манайхан жиндээ хэр орсон байна вэ?
-Бүгд эрт орсон байсан. Би Төгсөөд жаахан санаа зовж байсан ч гайгүй шүү. Ёстой л уяа сойлго нь таарсан байна билээ.
-Та өөрийн тоглодог 56 кг-ын жингийн тамирчдаа харж амжив уу. Танд дөрвөн жилийн өмнө юм болохгүй ялагдаж байсан Ирландын Жон Жо Невин их туршлагатай болсон байна билээ?
-Тийм байна лээ. Би Кубын Лазаро Альварес, Бразилын Робенилсон Виейра хоёроос бусадтай нь тоглож байсан. Хуучны танил ОХУ-ын Сергей Водопьянов маань өчигдөр тэр бразилд ялагдлаа. 2008 онд надад ялагдсан Мексикийн Оскар Вальдес, Ирландын Жон Жо Невин хоёр хүрэл медалийн төлөө таараад байна.
-Хэрвээ та олимпод оролцсон бол яах байсан бол?
-Хуучныхаа амжилтыг гаргахыг хичээнэ. Гэхдээ одоо “Тэгэх байсан” гэж яриад яах вэ. Өнгөрсөн юм бол өнгөрсөн юм шүү дээ.
-ДАШТ, Азийн наадмыг эс тооцвол та бүх тэмцээнд түрүүлсэн. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг хүсдэг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ олимпийн хошой аварга болчихвол бүр гоё. Би бүх тэмцээнээс медаль хүртсэн. Бүгд алт биш л болохоос биш. Бие гайгүй болбол зүтгэнэ.
-2008 оны олимпод шигшээ багийг Д.Банди, Д.Батсүрэн багш нар удирдаж байлаа. Харин одоо Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар ажиллаж байна. Энэ тухай юу хэлэх вэ?
-Аливаа юм ээлж дараалалтай, үе үеэрээ байдаг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэдэг хүнд ажил. Д.Ганзориг багш маань энэ ажлыг хийж, багаа сайн удирдаж байгаа. Би багшдаа үргэлж баярлаж явдаг. “Бээжин-2008”-ын амжилтыг энэ удаа гаргах байх.
-Олон жил тоглоод ирэхээр бүх зүйл гарт орно биз?
-Тэгнэ. Өмнө нь яаж тоглоод ялдаг байсан юм бэ, бүү мэд. 2006 оны Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэхдээ туршлагагүй байсан байгаа юм. Би оны өмнө Казахстаны тэмцээнд дээд жиндээ түрүүлсэн. Өөрийнхөө бодсоноор тоглоод л түрүүлсэн. Гэвч хүсвэл хясна гэдэг нь болчихоод байна.
-Та бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Эмчилгээгээ дуусгана. Нэлээн удах байх. Хамгийн гол нь хөдөлгөөн хоригдоод байгаа. Тэнцвэрийн эрхтэн үрэвссэн болохоор гүйж ч болохгүй.
-Жин нэлээн нэмэгджээ?
-Харин тийм. Хамаагүй хөдөлж болохгүй болохоор хааяа саунд сууж байна.
-Одоо хэд хүрч байна вэ?
-Бараг 70 кг болсон.
-56 кг-ын жиндээ тоглоход асуудал үүсэх нь дээ?
-Ер нь 60 кг-ын жинд л тоглоно доо.
-Тэгвэл дэлхий нийт Монголын Энхбатын Бадар-Ууган, Украины Василий Ломаченко нарын супер тулааныг үзэх нь ээ?
-Тийм юм байна.
-Та түүнийг хэр мэдэх вэ?
-Мэдэлгүй яах вэ. 2007 оны Чикагогийн ДАШТ-д би 54, тэр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд уйлаад гарч байлаа (инээв). Гэхдээ дараа жил нь Бээжингийн олимпод хоёулаа түрүүлсэн.
-Олимпийн шилдэг боксчины шагналын төлөө та хоёр ширүүн өрсөлдсөн шүү?
-Тийм.
-Дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн байна шүү?
-Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Би саяхан л олимпийн тосгонд байрлаж, тоглолтдоо бэлтгэж байсан санагдана. Хүн цаг хугацаатай уралдаж амьдрах хэрэгтэй. Урсгалаараа явж болохгүй юм. Бээжингийн олимпод түрүүлээд үнэхээр сайхан байсан.
-Хамба лам сая яваад ирэхдээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн байх?
-Олимпийн нээлтийн өмнөх өдөр бүх тамирчинтайгаа уулзсан. Хамба “Би спорт мэдэхгүй. Гэхдээ манай тамирчид жаахан бэргээтэй байна” гээд хийморийн сан тавьсан. Хамба гуай спорт сонирхдоггүй байсан юм билээ. Олимпийн наадмын нээлт үзээд сэтгэл нь их хөдөлсөн шүү. Манай хэд бас ингэж ярьсан. “Төгсөөгийн тоглолтын үеэр Хамба өрөлт аваад сууж байсан” гэж (инээв). Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярласан талархсанаа илэрхийлье. Манай Ерөнхийлөгч спортод их элэгтэй. Ерөнхий сайд байхдаа олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгуулдаг болгосон. Би нэг сюрприз задлая. Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар бид гурвыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдгийг уншигчид мэдэх байх. Дээр үеэс яригдсан нэг зүйл биеллээ олоход ойрхон ирээд байна. Олимп, ДАШТ-ээс ирсэн тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох болсон. Ерөнхийлөгч удахгүй зарлиг гаргана. Нэг ёсондоо амьдралын баталгаатай болж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад ийм жишиг бий.
-Нэг удаа шагнаад өнгөрөх биш?
-Яг тийм. Энэ бол спортыг дэмжих хамгийн том хүчин зүйл. Спортод хөрөнгө мөнгө чухал. Гэхдээ бодлого бүр илүү чухал. Ерөнхийлөгч энэ тухай яриагүй байгаа ч би задалчихлаа. Манай спортынхон Ерөнхийлөгчдөө “Баярлалаа” гэж хэлэх байх.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин