
Мөн түүнчлэн энэ хавар Сүхбаатарын талбайд жагссан иргэний хөдөлгөөнүүд өлсгөлөнгөө зогсоохдоо УИХ-тай бас нэгэн чухал асуудлаар тохиролцоо хийсэн. Тэд долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүний амь хохирсон хэргийн холбогдогчдыг яаралтай тогтоож, УИХ-д танилцуулах шаардлагыг Улсын ерөнхий прокурорт тавихаар УИХ-ын ажлын хэсгийн гишүүдтэй гар хөлийн үсэг зуралцаад амжсан юм. Нэгэнт М.Алтанхуяг прокурор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учраас энэ үүрэг хариуцлага одоо шинээр томилогдох Ерөнхий прокурорт шилжлээ гэсэн үг. Хамгийн гол нь “Ардчилсан” гэгдэж гарч ирсэн энэ Ерөнхийлөгчийн нүүрэн дээр анх дуугарсан шүүхийн шинэтгэл, хуулийн байгуулллагуудын шинэчлэл, хүний эрхийн асуудалд хамгийн нөлөө бүхий оролцох үүрэгтэй субьект нь Улсын ерөнхий прокуорор. Тиймээс шинээр томилогдох Ерөнхий прокурорын асуудал улс төрийн хүрээнээс хальж олон нийтийн анхааралд өртөөд байгаа хэрэг.
Үүнээс ч болсон уу, өчигдөр өглөөнөөс эхлэн “Д.Дорлигжавыг Ерөнхий прокурорт томилохыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийх гэнэ” гэсэн мэдээлэл интернэтийн сайтуудаар хэсч өнжлөө. Хардлагын үзүүр МАХН доторх Н.Энхбаярын фракци гэгддэг “элсний 13” руу чиглэсэн байсан ч энэ нь хэн нэгний нисгэсэн ээлжит “бор шувуу” байсан бололтой. “Элсний 13” гэх бүлэглэлд багтаж ирсэн зарим нэг гишүүд “Бидний хэн нь ч энэ асуудалд оролцоогүй, энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал” гэсэн хариултыг өгч байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн хувьд Д.Дорлигжавыг дэмжихгүй гэх ямар ч шалтгаан хэлэхгүй байна. Харин МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд бодох хугацаа арай илүү орж байгаа бололтой.
Ямар ч байсан парламент дахь улс төрийн намуудын түвшинд Ерөнхий прокурорын томилгооны асуудалд нэлээд хүндэтгэлтэй хандаж байгаа юм байна. Учир нь энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ц.Элбэгдорж гэдэг хүний хийж байгаа анхны том томилгоо. Дээр нь хаа нэгтээгээс хэн дуртайгаа татаад гаргаад ирэх биш, өөрийнхөө тамгын газрын даргыг томилоод явуулж байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийн энэ саналыг сөрөх нь намуудын ч, улстөрчдийн ч хувьд ихээхэн жудаг багатай харагдах нь тодорхой. Андуураагүй бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрын эсрэг байсан Ц.Элбэгдорж гэдэг хувь хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хоёр намаас байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас аваад бодлогын том асуудлуудыг нь дэмжиж ирсэн. Тэгээд ч Ерөнхий прокурорын томилгооны асуудал Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хамаардаг учраас үүнийг намын бүлгүүдээр хэлэлцээд, гацаагаад байх үндэсгүй юм. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх нь зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдэгдэнэ гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорын албан тушаалд Д.Дорлигжавыг ганцхан өдрийн дотор нэр дэвшүүлсэн шиг УИХ ч гэсэн нэг тийм огцом шийдвэр гаргах болж байна. Тэр нь өнөөдөр ч байж магадгүй. Учир нь Ерөнхий прокурорын асуудал Хуульзүйн байнгын хороогоор орно гэснээс хойш хоёр хоног өнгөрөөд байна.
Б.СЭМҮҮН