Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцлээ.
Эхнийх нь УИХ дахь хоёр намын бүлгээс томилогдсон ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөл. Дараагийнх нь УИХ-ын гишүүн Л.Болд нарын 12 гишүүний боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан төсөлд сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу продпорциональ системээр явуулах, ингэхдээ Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болж, сонгогчид намын нэрийг нэр дэвшигчийн нэртэй хамт дугуйлах, санал хураалтын дүн гарсны дараа намуудын болон нэр дэвшигчдийн авсан саналын тоонд тэнцүүлэн парламентын суудлыг хуваарилахаар тусгасан аж.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд нарын 12 гишүүний санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Энэ чинь яг ямар систем бэ? Пропорциональ нь юм уу, мажоритари юм уу” гэж асуух гишүүд олон байлаа. Учир нь уг хуулийн төсөлд сонгогчид улс төрийн нам болон нэр дэвшигчид зэрэг санал өгч байгаа тохиолдолд Монгол Улс нэг тойрог болох нь санал өгөхөд хүндрэлтэй хэмээн үзэж, сонгуулийн газар зүй гэгчийг бий болгон газар зүйн бүсчлэлийн дагуу аймаг сумдыг нэгтгэж, цөөхөн тооны тойрог бий болгон уг тойрог дотроо намууд болон нэр дэвшигчид нэгэн зэрэг өрсөлдөх хувилбарыг санал болгосон юм байна. Хоёр хуулийн төсөлд аль аль нь намын нэрээр сонгууль явуулахыг санал болгосон ч нэр дэвшигчийн асуудлыг заавал ч үгүй хамтад нь авч яваад байгаа нь Үндсэн хуулийн “сонгогчид өөрсдийн төлөөллийг шууд сонгох эрхтэй” гэсэн заалттай холбоотой. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй цагт сонгуулийн тогтолцоонд улс төрийн намуудын үүрэг ролиос гадна хувь хүний хүчин зүйл байсаар байх нь.
Гэвч сонгуулийн тогтолцоог өөрчлөх, хувь тэнцүүлсэн системд шилжихийн гол утга учир нь сонгогчдын өгсөн санал парламентад үнэн зөвөөр тусахаас гадна улс төрийн намуудын төлөвшил, цаашдаа Монголын улсын хөгжлийг хувь улстөрчид авч явах уу, улс төрийн намууд тодорхойлох уу гэдэгт хариулт өгөх ёстой. Дан ганц мөнгөний сонгуулиас салахын тулд ингэж байгаа юм биш, үнэн хэрэгтээ мөнгөөр сонгууль хийдэг явдал зөвхөн тогтолцооноос шалтгаалаад байгаа ч юм биш, сонгууль явуулж байгаа процедуртаа байгаа гэдгийг ч гишүүд хэлж байлаа. Тухайлбал, С.Баярцогт гишүүн “Энэ хоёр хуулийн төсөл хоёулаа пропорциональ системийн аль муу бүхнийг шингээсэн төсөл болжээ. Хэрвээ ийм хуулиар бид сонгууль явуулбал сонгогчид дахиад хэзээ ч прополрциональ системийг сонгохгүй болтлоо жигших болно” гэсэн юм. Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан арай өөр байр суурьтай байлаа. Тэрээр:
-2008 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ арай гэж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийг та бүгд мэдэж байгаа. Долдугаар сарын 1-нд юу боллоо. Дараа нь хамтарсан Засгийн газар байгуулахдаа намуудын хамгийн түрүүнд амласан, тохиролцсон зүйл нь сонгуулийнхаа тогтолгцоог өөрчлөх. УИХ-ын даргын анхны захирамж ч гэсэн Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар гарсан байгаа. Үүнийг намууд дэмжсэн. Манай намын бага хурал, намын бүлгээрээ дэмжсэн. Сонгууль ойртох тусам сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад бэрхшээлтэй болдог. Тэгээд аягүй бол сонгууль болохоос гурван сарын өмнө хуульдаа өөрчлөлт оруулаад, нөхцөл байдалд тааруулж хуулиа өөрчлөөд, эсвэл хуучин хуулиараа орох болдог. Тийм учраас өнөөдөр ямар ч байсан эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй. Нэгэнт тогтолцоон дээрээ тохиролцсон юм чинь хэлэлцүүлэгт шилжүүлсний дараа том ажлын хэсэг гаргаад, хэлэлцүүлгийн явцад сайжруулаад явах боломжтой гэсэн юм.
Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин ч бас ийм бодолтой байлаа. Эцэст нь хуулийн төслүүд дээр дараалан санал хураалгахад УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 68 хувиар, Л.Болд нарын 12 гишүүний санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 61 хувийн саналаар дэмжигдэж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж