“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн 10000 метрийн уралдаанд Этиопийн тамирчин Тирунеш Дибаба олимпийн аварга цолоо хамгааллаа. Уралдааны сүүлийн 500 метрт тэргүүллээ хадгалсаар түрүүлсэн тэрбээр 30 минут 20.75 секундын амжилт үзүүлжээ. Түүний араас Кенийн Сэлли Кипейго, Виван Черуйот нар бариалж, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Кипейго 30:26.37, харин дэлхийн аварга Черуйот 30:30.44 цагийн амжилт үзүүлжээ.
Дибаба ийнхүү олимпийн гурав дахь алтан медалиа зүүж байгаа юм. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийн наадамд 5000 ба 10000 метрт түрүүлж байсан түүний энэ амжилтыг өөр ямар ч эмэгтэй атлетикч гаргаж байгаагүй гэнэ. Дибаба мөн наймдугаар сарын 10-нд болох 5000 метрийн уралдаанд хүч сорих төлөвлөгөөтэй байгаа аж.