Нэг зүйлийг онцолход, Ерөнхий сайд С.Батболдын хувьд ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу айлчлах төлөвлөгөө нь хоёр сар орчмын өмнө төлөвлөгдөж батлагдсан юм байна. Энэ нь Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой аж. Сануулахад, 2008 оны Бээжингийн олимпийн нээлтийн ажиллагаанд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр оролцож тамирчдаа дэмжиж байсан бол хаалтынх нь ажиллагаанд Ерөнхий сайд асан С.Баяр оролцож, Монголын тамирчдын хамтаар эх орондоо буцаж ирж байжээ.
Ерөнхий сайд айлчлалаа түр хойшлуулжээ
Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу өнөөдөр мордох байсан ч эл айлчлалаа түр хугацаагаар хойшлуулжээ. Айлчлалаа хойшлуулсан нь Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зөвшилцөж байж гаргасан шийдвэр бололтой. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж улстөрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад Ерөнхий сайдын хувьд байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь бас холбоотой бололтой.
Г.ДАРЬ