“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Долдугаар сарын 28-наас эхлэн олимпийн медальтнууд тодорч, буудлага спортын төрөлд Хятадын тамирчин олимпийн анхны аваргаас тодорсон цагаас хойш нийт 113 багц медалийн эзэд тодроод байгаа юм.
Олимпийн долоон өдрийн дараах байдлаар АНУ-ын баг тамирчид нийт 43 медаль хүртсэн амжилтаар медалийн тоо болоод чансаагаар тэргүүлж байна. Их гүрний тамирчид энэ хугацаанд нийт 21 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ. Үүнээс зөвхөн усанд сэлэлтийн төрөлд 28 медаль хүртсэний 14 нь алт, найм нь мөнгө, харин үлдсэн зургаа нь хүрэл медаль аж. Харин Лондонгийн олимпиос одоогоор хамгийн олон медаль хүртэж, хамгийн их “чимэгтэй” тамирчин нь Майкл Фелпс болоод байна. Бээжингийн олимпиос найман алтан медаль авч, түүх бүтээсэн “Загасан хүн” гурван алт, хоёр мөнгөн медаль хүртээд байгаа юм. Мөн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Рьян Лохте алт, мөнгөн медалийг ихэрлүүлэн хүртэж, дээрээс нь нэг хүрэл, нийт таван медаль хүртжээ.
АНУ-ын баг тамирчдын араас Хятадын шигшээ баг бичигдэж байна. Тэдний хувьд 20 алт, 13 мөнгө, есөн хүрэл, нийт 42 медалийг өөрийн нэр дээр овоглуулжээ. Хятадын тамирчид спортын 12 төрөлд медаль хүртсэнээс хамгийн олон нь мөн л усанд сэлэлт болоод байна. Энэ төрөлд тэд дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртээд байгаа юм.
Жагсаалтын гуравдугаарт ОХУ 23 /3-12-8/, араас нь олимпийг зохион байгуулагч Их Британи 22 /8-6-8/, Япон 21 /2-8-11/ зэрэг орны баг тамирчид бичигджээ.
Монголын баг тамирчдын тухайд мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртэж, медалийн чансаагаар 30 дугаар байрт эрэмбэлэгдээд байна.