Умард Солонгос хүнсний тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Умард Солонгос хүнсний тусламж хүсчээ

Үерийн гамшигт нэрвэгдсэн Умард Солонгос НҮБ-аас хүнсний тусламж хүсчээ. Хөдөө аж ахуйн бүс үерт хамгийн ихээр сүйдсэн бөгөөд гамшгийн улмаас ойролцоогоор 63,000 хүн орон гэргүй болжээ. Өнгөрсөн долдугаар сард олон хоног үргэлжлэн орсон ширүүн аадар борооны улмаас 100-аад хүн сураггүй алга болж, живсэн гэж тус улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн боловч НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр 80 гаруй хүн үерт живсэн аж. Умард Солонгост уржигдраас хойш онц байдал зарласан гэж  НҮБ-аас  мэдэгдсэн бөгөөд Дэлхийн хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Үерийн усанд алслагдсан бөглүү нутгууд дахь худаг, цэвэр усны зөөврийн станц сүйдсэн тул 50,000 гаруй өрх цэвэр усны хомсдолд ороод байгаа юм байна. Умард Солонгосын KCNA агентлагийн өнөөдөр өглөө мэдээлснээр 5,000 гаруй байшин, барилга үерийн усанд урсч, 12,030 айлын байшин усанд автсан гэнэ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид Умард Солонгосын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эхний ээлжинд 14 хоногийн хоол хүнс илгээнэ гэж өчигдөр мэдэгдсэн байна. Өчигдрийн байдлаар  4,800 га ургацын талбай усанд автаж, 30,600 га тариалангийн газар үерт сүйтгэгджээ. Өнгөрсөн онд НҮБ Умард Солонгост хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байсан ч хиймэл дагуулын пуужин хөөргөснөөс болж, тусламжийг цуцалсан билээ. Олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас Умард Солонгосын хойд болон өмнөд мужууд, нийслэл Пхеньянь хотод үер болсон байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж