Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос “Лондон-2012″ олимпийн наадмыг тохиолдуулан 10 болон түүнээс олон удаа олимпийн наадам сурвалжилсан орон орны 100 сэтгүүлчийг алдаршуулан шагнахаар шийдвэрлээд байгаа юм. Өвөл, зуны 23 олимпийн наадам сурвалжилсан Канадын ахмад сэтгүүлч Ришар Гарнеу, 22 наадамд ажилласан Швейцарийн Петер Фрай, Их Британийн Жон Жексон, Дэвид Миллер, 21 дэх наадамдаа сурвалжилж буй Германы Гюнтер Дайстер тэргүүтэй сэтгүүлчдийн жагсаалтад Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, холбооны ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан багтжээ.
Наймдугаар сарын 2-нд Зүүн Лондоны “Procter and Gamble Family Home”-д болсон “Olympic Journalists on the Podium” нэртэй уг арга хэмжээнд Эдвин Мозес, Кипчоге Кейно, Даун Фрэйзер, Леннокс Льюис, Навал Эль-Мутавакель зэрэг алдарт тамирчид оролцов. Ийнхүү Монголын баг Лондонд бас нэгэн медаль хүртэх болзлоо хангалаа.