“Монгол 999”, “Баялагийн хувь”-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

“Монгол 999”, “Баялагийн хувь”-тай хамтарна

“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК,  “Баялагийн хувь” ХК-иуд хамтран ажиллана

Баялаг нөөц бүхий ордоос ард иргэддээ хувь хүртээх тухай ярьдаггүй, хийдэггүй, эсрэгээр гадаадын компаниудад найр тавихыг  чухалчилдагцаг үе дуусч байна. Асар том ордыг тасчин хувааж гадаадын компаниудад ашиглуулах гэж байсан үйлдэлийг таслан зогсоож Монголын иргэн бүр байгалийн баялагаас хувьцаа хэлбэрээр хувь хүртэх ёстойг ойлгуулж улмаар үйл хэрэг болгоход том гавьяа байгуулсан нь “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК.

Харин “Баялагийн хувь” ХК баялгаа түүхийгээр нь экспортлож гадаадын компаниудын хэтэвчийг зузаатгах боломж олгож байгаа байдлыг таслан зогсоож Монголдоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч орон болгох зорилтыг өмнөө тавин  үйл ажиллагаагаа эхлээд байгаа. Энэхүү нэгдлүүд хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд хамтран ажиллах болсноо хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Эрдэнэс таван толгой болон бусад стратегийн ордуудыг ашиглах компаниуд, эрдэс баялгийг боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар тэдгээрийн эзэмшилд үндэсний аж ахуйн нэгжүүд, Монголын иргэдийн оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор  санамж бичиг үйлдлээ. Mонголын үндэсний аж ахуйн  нэгжүүдийн бизнесийн нэгдэл болох “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК-ийг төлөөлж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Л.Ариунболд, Mонголын ард иргэдийг нэгтгэсэн бизнесийн нэгдэл болох “Баялгийн хувь” ХК-ийг төлөөлж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга А.Гансүх нар санамж бичигт гарын үсэг зуржээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулахад хамааралтай  хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход харилцан санал солилцох, зөвшилцөх, нэгдмэл байр суурьтай байхыг эрмэлзэнэ, Компанийн сайн засаглал, бизнесийн ёс зүйн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн зарчмуудыг амьдралд хэрэгжүүлж, олон улсын санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалтай үндэсний компаниудад хөрөнгө оруулах чиглэлийг баримтлах болсноо дээрх нэгдлүүд мэдэгдсэн юм.
    
Стратегийн ордуудыг ашиглахаар байгуулагдсан болон үндэсний хэмжээний боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах зорилгыг тэргүүлэх чиглэл болгосон хөрөнгө оруулалтын санг хамтран байгуулж, “Эрдэнэс-Таван толгой” ХК болон ирээдүйд Монгол улсын стратегийн орд газрыг ашиглах зорилгоор байгуулагдах компанийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд эзэмшүүлэх, олон нийтэд санал болгон гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх, арилжаалах ажлыг УИХ-ын холбогдох шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмын дагуу хэрэгжүүлэх асуудлаар нэгдмэл байр суурь баримтлана гэлээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж