Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Өмнөд Солонгосын “Самсунг” Эрүүл мэндийн төвтэй хамтран тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил зохион байгуулжээ. Уг арга хэмжээг Дон Дэ Мүн дүүргийн Гуан Хи бага сургуулийн байранд долдугаар сарын 29-ний ням гаригт зохион байгуулсан болно.
Самсунг Эрүүл мэндийн төвөөс өндөр мэргэжлийн эмч 15, сувилагч, сайн дурын ажилтан 70 хүн, мөн Самсунг эрүүл мэндийн төвд мэргэжил дээшлүүлж буй монгол эмч 25 хүн оролцож, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай иргэдэд үнэгүй эм тараав. Үзлэг, оношилгооны зохион байгуулалт болон хэлмэрчлэх зэрэг ажилд тус ЭСЯ-ны ажилтнууд, БНСУ дахь НХХЯ-ны харьяа Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнууд оролцов.
Оношлогоо, үзлэгийг дотор (хоол боловсруулах болон бусад дотор эрхтэн, дотоод шүүрэл), гоо засал, хүүхэд, арьс өнгө, дүрс оношилгоо, рентген, зүрхний бичлэг, уушгины үйл ажиллагаа, ерөнхий үзлэг зэрэг чиглэлээр явуулав. Үзлэгийн явцад солонгос болон монгол эмч нар хамтран, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн нь онцлог болжээ.
Үзлэгт нийт 520 иргэн хамрагдсанаас тэдгээрийн ихэнх нь хууль бусаар оршин сууж байгаа иргэд байв. Самсунг эрүүл мэндийн төв нь 2012 онд манай нийт 68 эмчийг өөрийн эмнэлэг дээрээ гурван сарын хугацаатай дадлагажуулахаар манай ЭМЯ-тай тохирч, эхний 17 эмчийг сургалтад хамруулж буцаасан бөгөөд эдүгээ хоёр дахь ээлжийн 25 эмч сургалтад хамрагдаж байгаа болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.